Байр зарна гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэнийг залилаж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулжээ
Шийдвэрийн дугаар: 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр №52
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2023 .01.20 Шийдвэр-хураангуй: 1
Э нь цахим сүлжээнд байр зарна гэх зар оруулан иргэн Ц-тэй цахимаар харилцаж, түүнээс 8 сарын хугацаанд өөрийн дансаараа 20.500.000 төгрөгийг шилжүүлэн авчээ.
Прокуророос Э-г залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх Э-г зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн.
Яллагдагч Э-ийн өмнө энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол https://shuukh.mn
Хураангүй бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан
Нэг жилийн хугацаа өнгөрсөн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохгүй
Шийдвэрийн огноо: 2022. 09. 07 № 190
Шийдвэр давж заалдах шатны шүүхээр орж хүчин төгөлдөр болсон
2023.01.19 Хураангуй
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нь хариуцагч Л.А-д холбогдуулан 2004 оны 01 сарын 04-ны өдрийн орон сууц бэлэглэх тухай гэрээг хүчингүй болгож, Л.А-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээг хүчингүй болгохыг улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэгчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О –ийн аав Ч.М болон дүү М.О, М.О нарын өмчлөлийн байр байсан байна. Аав Ч.М нь Л.А-тай 800.000 төгрөгөөр байраа зарж, мөнгөө өгч авалцан 2004 оны 01 сарын 07-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж,эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлж өмчлөх эрх Л.А-д шилжсэн байна.
Байраа худалдсан Ч.М. нь 2009 онд нас барсан бөгөөд талийгаачийн хүүхдүүд болох М.О нар нь 2020 оны 06 сард нь орон сууцыг хариуцагч Л.А өмчлөлдөө авсан гэдгийг мэдсэн, манай аав байраа бэлэглээгүй, түрээслүүлсэн гэж ярьдаг байсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг хариуцагч Л.А-с шаардах эрх 2019 оны 06 сард үүссэн бөгөөд үүнээс хойш нэг жилийн хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Энэ хугацаа өнгөрсөн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох боломжгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Санамж : Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүний орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуйг бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь
Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn/single_case/125485?daterange=2022-01-01%20-%202023-03-02&id=1&court_cat=1&bb=1
ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙД МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАН ОРСНЫ УЛМААС ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИД ХОХИРОЛ УЧРУУЛБАЛ ХОХИРЛЫГ ТУХАЙН МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ЭЗЭН ХАРИУЦАН АРИЛГАНА.
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар 2022.07.05, 154
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн хураангуй: 2023.01.23
Газар тариалан эрхэлдэг А компани тариалангийн талбайд учирсан хохирол 48.576.000 төгрөгийг иргэн Б-ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Б нь тариалангийн бүс нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, улмаар түүний өмчлөлийн олон тооны үхэр, буудай тарьсан тариалангийн талбайд орж хохирол учруулсан...” тул хохирлыг гаргуулна гэжээ.
Хариуцагч Б хохирол тогтоосон актыг гаргахдаа байлцуулаагүй, уг талбайд мал оруулсан үйл ажиллагааг Зөрчлийн тухай хуулиар шалгаж арга хэмжээ тооцуулсны дараа хохирлыг шийдвэрлэх ёстой гэж маргасан.
Иргэний хуульд Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна. Гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй байхаар заасан байна.
Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.
Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна.
Иймд иргэн Б-г тариалангийн талбайн ойролцоо малаа бэлчээрлүүлж, эзэнгүй орхисноос бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан буруутай нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үндэслэлээр А компанид учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэв.
Харин Зөрчлийн хуулиар шалгах ажиллагаа нь бусдын эд хөрөнгөнд хохирол учирсанд хамаарахгүй болохыг дурдсан болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн
шүүгч Г.Алгирмаа