Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа
хийлгэхээр хэргийг буцаав.
Шийдвэрийн огноо:2023.01.19
Шийдвэр хүчин төгөлдөр болоогүй
2023.01.23 Хураангуй
Яллагдагч Г.У нь БНСУ-аас гэр ахуйн тавилга оруулж ирж, худалдана гэх зарыг цахим сүлжээнд байршуулан, 2021 оны 7-12 дугаар сарын хооронд 40 иргэнээс 49.327.500 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэгт холбогджээ.
Тус хэргийг шүүх хянан хэлэлцээд зарим хохирогчдын нэрийг буруу бичиж, хохирогчоор тогтоох ажиллагаа хийгдсэн, мөн 12 хохирогчид хэргийн материал танилцуулаагүй үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Прокурорын газарт буцаан шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn
Хураангуй бэлтгэсэн:Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа
ГЭРЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛӨГЧ ШҮҮХ ХУРАЛДААНД ИРСЭН Ч ГЭСЭН ГЭРЛЭГЧИД ӨӨРСДӨӨ ШҮҮХ ХУРАЛДААНД ИРЭХ ҮҮРЭГТЭЙ.
Захирамжийн дугаар: 595
Захирамжийн төлөв: хүчин төгөлдөр болсон.
Нэхэмжлэгч М хариуцагч Р-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулж, улмаар Р-д холбогдох хэргийг хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг товлон зарласан.
Шүүх хуралдаанд гэрлэгчдийн төлөөлөгч, өмгөөлөгч ирсэн ч хариуцагч Р хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Зохигчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэдий ч гэрлэгчид шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй.
Иймд шүүх хуралдааныг хойшлуулсан ба хариуцагч хоёр дахь удаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын
шүүхийн шүүгч Г.Алгирмаа