Нүүр хуудас > ШШХураангуй > Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэр эрхлэгчид хохирол учруулбал хохирлыг тухайн мал, тэжээвэр амьтны эзэн хариуцан арилгана

Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэр эрхлэгчид хохирол учруулбал хохирлыг тухайн мал, тэжээвэр амьтны эзэн хариуцан арилгана


24-04-2023, 04:35. Зохиогч: admin

 

 

 

 

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар 2022.07.05, 154

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн хураангуй: 2023.01.23

 

     Газар тариалан эрхэлдэг А компани тариалангийн талбайд учирсан хохирол 48.576.000 төгрөгийг иргэн Б-ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Б нь тариалангийн бүс нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, улмаар түүний өмчлөлийн олон тооны үхэр, буудай тарьсан тариалангийн талбайд орж хохирол учруулсан...” тул хохирлыг гаргуулна гэжээ.

Хариуцагч Б хохирол тогтоосон актыг гаргахдаа байлцуулаагүй, уг талбайд мал оруулсан үйл ажиллагааг Зөрчлийн тухай хуулиар шалгаж арга хэмжээ тооцуулсны дараа хохирлыг шийдвэрлэх ёстой гэж маргасан.

Иргэний хуульд Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна. Гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй байхаар заасан байна.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна.

Иймд иргэн Б-г тариалангийн талбайн ойролцоо малаа бэлчээрлүүлж, эзэнгүй орхисноос бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан буруутай нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үндэслэлээр А компанид учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэв.

Харин Зөрчлийн хуулиар шалгах ажиллагаа нь бусдын эд хөрөнгөнд хохирол учирсанд хамаарахгүй болохыг дурдсан болно.


Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

шүүгч Г.Алгирмаа

 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn/single_case/123488?daterange=2022-06-01%20-%202022-08-30&id=1&court_cat=1&bb=1

 



Бусад