Нүүр хуудас > ШШХураангуй > Албан тушаалтан хууль, дүрэм түүнд нийцүүлэн гаргасан тушаал журмын дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй

Албан тушаалтан хууль, дүрэм түүнд нийцүүлэн гаргасан тушаал журмын дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй


14-06-2023, 08:14. Зохиогч: admin
 

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар 2022.09.26, 2022/ШЦТ/57

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн хураангуй: 2023.06.14

 

     Прокуророос "Н”-г "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх уг хэргийг хянан хэлэлцээд хэрэгт цугларсан нотлох баримтаар "Н”-г "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай гэж үзэв. Тодруулбал:

 

"Н” нь төрийн нэгэн байгууллагын даргаар ажиллаж байхдаа "Т” ХХК-ийг ойн мэргэжлийн байгууллага биш гэдгийг мэдсээр байж доод албан тушаалтанд "мод бэлтгэх эрхийн бичгийг олго” гэж үүрэг өгөн тухайн компанид мод бэлтгэх эрхийн бичгийг олгуулж, бусдад давуу байдал бий болгосон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон.

Анхан шатны шүүх "Н”-д ял оногдуулахдаа "эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлан түүнд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

 

Давж заалдах шатны шүүхэд "Н” болон түүний өмгөөлөгч "...ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байхад хэрэгт хамаарал бүхий гэрчүүдийн мэдүүлгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулгатай гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.

  

Санамж: Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.


 Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа



Бусад