Нүүр хуудас > ШШХураангуй > Өөрийн ажиллаж байсан газрынхаа эд хөрөнгийг хулгайлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэв.

Өөрийн ажиллаж байсан газрынхаа эд хөрөнгийг хулгайлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэв.


4-12-2023, 10:56. Зохиогч: admin


Шийдвэрийн огноо : 2023.11.06 2023 /ШЦТ/86

2023 оны 11 сарын 30-ны өдөр

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1-р багийн нутгаас ДС ХК-ийн Х салбарын Орхон хэсгийн цахилгаан дамжуулах тулгуур шонд бэхэлсэн АС-35 загварын 3780 метр цахилгаан дамжуулах утсыг хулгайлж өөрийн ажиллаж байгаа байгууллагадаа 1,890,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ " 2023 оны 06 дугаар сарын 16-ны үед манай тэнд ашиглагддаггүй хуучин шугам байсан. Шугамаа буулгана гээд утас нь тасарч унаад байхаар нь би утсыг нь аваад зарсан. Авсан утас шугам сүлжээний утас мөн. 500,000 гаран төгрөг болсон. Зэс хөнгөн цагаан авна гэдэг хүн дагуулж очоод өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч” Б.А өөрийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн , гомдол саналгүй "гэжээ.

Шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн талаар хохирогч байгууллагын гаргасан гомдлын дагуу Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт цугларсан нотлох баримт болон Б.А-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр түүний үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна.

Б.А-нь хулгайлан авсан 1,890,000 төгрөгийн үнэ бүхий цахилгааны утсыг 500,000 төгрөгөөр зарж борлуулснаа хүлээж, учруулсан хохирлыг төлсөн байна. Бусдын эд хөрөнгийг эзэнд нь хэлэлгүй нууцаар авсан нь хулгайлах гэмт хэрэг болох тул хуульд зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэжээ.

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж ялыг биелүүлсэн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирол төлсөн байдал, Б.А-н хувийн байдал зэргийг харгалзан 08 сарын хугацаагаар оршин суугаа газраасаа буюу Сэлэнгэ аймгийн Орхон сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Хураангуйг бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа


Бусад