Нүүр хуудас > ШШХураангуй > Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хүүгийнхээ биед халдаж, хөнгөн гэмтэл учруулжээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хүүгийнхээ биед халдаж, хөнгөн гэмтэл учруулжээ


19-01-2024, 04:24. Зохиогч: admin



 

Шийдвэрийн дугаар: 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр №2023/ШЦТ/22

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэр-хураангуй: 2023.12.11 

М.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн үед согтуурсан үедээ өөрийн төрсөн хүү Д.А-г "зурагтын суваг солилоо” гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар модон иштэй заазуураар зүүн чих, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх үүсгэж, хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдож, Прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэн шүүгдэгч М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ үйлдсэн гэж үзэж М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэсэн.

Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлын арга хэмжээ хэрэглэх тухай саналд шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар "2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч зөвшөөрсний дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж тодорхойлсон бөгөөд хохирогч хүү Д.А нь төрсөн эцэг М.Д тэй хамтран амьдардаг, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдсон юм. Иймд шүүгдэгч М.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.


Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол https://shuukh.mn

Хураангүй бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгч Г.Дэлгэрсайхан


Бусад