Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-12-2018, 08:12   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ш.Батболд: Гэр бүл салалтыг багасгах талаар Шүүхийн ерөнхий зөвлөл тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна


Манай улсад сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо хурдацтай нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн гэр бүлээ цуцлуулж буй иргэдийн дийлэнхийг залуучууд эзэлдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс гэр бүл салалтын шалтгаан болон үр дагавар, зөв гэр бүл төлөвлөлтийн талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболдтай ярилцлаа.

Ш.Батболд: Гэр бүл салалтыг багасгах талаар Шүүхийн ерөнхий зөвлөл тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна

-Гэр бүл салалтын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Гэтэл Монголчуудын дийлэнх нь хуримаа сайн, муу өдөр харж хийдэг нь хуримандаа ач холбогдол өгдөг юм шиг. Мэргэжлийн хүнийхээ зүгээс гэр бүл салалтын тоо нэмэгдэж байгаа нь ямар шалтгаантай гэж тодорхойлж байна вэ?


-Сайн муу өдөр харж хуримаа хийдэг нь монгол хүний бэлгэдэл, зурхайтай холбоотой ойлголт. Ихэнх хүмүүс үүнийг буддын шашны зан үйлийн нэг гэж үздэг. Гэхдээ миний ойлгосноор буддын шашинд өдөр судар харж аливаа үйл хийх тухай сургааль байдаггүй. Тиймээс залуучууд гэр бүл зохиохдоо өдөр судар харахаас урьтаж бие, хэл, сэтгэл гурваа ариун байлгах ёстой гэсэн буддын шашны хамгийн энгийн сургаалийг мөрдлөгө болгомоор юм шиг санагддаг. Бие дааж амьдрах, хэл яриа, сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай болсон хойноо гэр бүл зохиох хэрэгтэй.

Бие дааж амьдрах, хэл яриа, сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай болсон хойноо гэр бүл зохиох хэрэгтэй.

Тухайн жилийн гэрлэлтийн тоог, гэрлэлт цуцлуулсан тоотой харьцуулж гаргадаг аргачлалаар бол АНУ-д 53 хувь, ОХУ 51 хувь, харин манай улсад 19,2 хувь байна. Өөрөөр хэлбэл манай улсад зуун гэр бүлийн хорин хувь нь салдаг гэсэн үг. Энэ хувь АНУ, ОХУ болон бусад улс орнуудтай харьцуулахад бага байгаа мэт боловч хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь гэр бүл салалтийн өсөлтийн хурд маш эрчимтэй явагдаж байна. 2017 онд 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулснаас, 58,5 хувь нь арав болон түүнээс дээш жил амьдарсан хосууд байсан. Салалтад нийгэм-эдийн засгийн, хот хөдөөгийн, боловсролын гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч энд сэтгэл зүйн талын дараах дөрвөн нийтлэг шалтгаанууд багтаж байна. Үүнд,

 

Нэгд, Зан төлөв таарамжгүй гэх үзэл бодол. Ихэнх хосуудад гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцааны сэтгэл зүйн талаар суурь ойлголт байдаггүй. Энэ талаар үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгийг ерөнхий боловсролын болон их дээд сургууль, байгууллагуудад албан ёсоор системтэй өгдөггүй. Эхнэр нөхрийн дүрд хэрхэн орох, хамаатан садан, эцэг эхтэйгээ яаж харилцах болон эцэг эхийн үүрэг, хариуцлага ямар байх талаар тодорхой ойлголт байдаггүй, асуудалд төрөлх зөн совингоороо, хайхрамжгүй хандаж явсаар зөрчлийг дээд цэгт нь хүргэж, асуудлыг шийдвэрлэх боломжгүй болсон үедээ шүүхэд ханддаг. Гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл гаргаж байгаа хүмүүсийн 60 гаруй хувь нь ийм шалтгаантай. Эдгээр хосуудын бага, өсвөр насны үеийн гэр бүлийн харилцааны түүхийг судалж үзэхэд аль нэгнийх нь эсвэл хоёулангийнх нь бага, өсвөр насны үе, ялангуяа 03-18 насанд эцэг эхийнх нь хараа хяналт маш муу, асуудал үүсгэсэн тохиолдолд эцэг эх нь залруулах арга хэмжээ авдаггүй байсантай холбоотой зан төлөвийн өөрчлөлтүүд үүссэн байдаг. Ийм өөрчлөлтөд орсон хосуудын амьдралаас байнгын маргаан, үл ойлголцол, архидалт салдаггүй.

 

Хоёрт, Ахуйн архидалт ба архинд донтолт. Гэр бүл салахад нөлөөлж байгаа хоёр дахь томоохон хүчин зүйл нь энэ. Нийт салалтад архинд донтох эмгэгээс шалтгаалсан салалт 20 гаруй хувийг эзэлж байна. Хосууд архинд донтох нь сэтгэцийн өвчин гэдгийг мэддэггүй. Өөрчлөгдөх байх, архинаас гарчих байх, надад амласан шүү дээ гэсэн найдлагаар олон жил явж эцэстээ салах шийдвэр гаргадаг. Энэ эмгэгээс болж гэр бүл нь салахад хүрсэн хүмүүст донтох эмгэгийн эцсийн үе шатанд байх сэтгэл зүй, танин мэдэхүйн онцлог илэрдэг. Ийм гэр бүлд өсөж буй хүүхдүүдийн харцнаас эхлээд үйл хөдөлгөөн, сэтгэл хөдлөл, хүмүүсийг харах үзэл бодол, зан төлөв өөрчлөлтөд орж нийгэмших үйл явц бэрхшээлтэй болдог. Архинд донтох эмгэгтэй хүмүүст хамгийн эхэнд донтох эмгэгийн эмэн эмчилгээ, дараа нь сэтгэл зүйн урт хугацааны зөвлөгөө, сэтгэц засал шаардлагатай байдаг.

 

Гуравт, Хууралт. Хууралтын 3 орчим хувь нь бэлгийн дур хүсэл хэт ихсэх дон (нимфомани/сатириазис) - той холбоотой байдаг бол 97 орчим хувь нь гэр бүлийн харилцаанд сэтгэл хөдлөлийн болон хайрлуулах, өөрийн чухал гэдгийг мэдрэх, хамгаалуулах, харилцан бие биедээ туслах, ойлголцох сэтгэл зүйн хэрэгцээ хангагдаагүйгээс үүссэн байдаг.

 

Дөрөвт, Хөндлөнгийн хүмүүсийн оролцоо.Хосуудын эцэг эх, найз нөхөд, хамаатан садангууд гэр бүлийн дотоод асуудалд олон жил оролцож ирснээс үүдэлтэй салалт 10 гаруй хувийг эзэлдэг.Төрүүлсэн эцэг эхтэйгээ сөрөг ээнэгшилтэй, сэтгэл зүйн хувьд тусгаар болж чадаагүй, бие даах чадвар муутай залуусын амьдралд хөндлөнгийн хүмүүс их оролцдог. Гэр бүлийг салгах хэмжээнд хүртэл оролцсон хүмүүс эвлэрүүлэх арга хэмжээ авч уулзалтад дуудахад "өөрсдөө учраа олцгоо” гэх байдлаар ханддаг.

Багад нь эцэг эх нь салсан хүмүүсийн 70 гаруй хувь нь гэмт хэрэгт холбогддог.

 

-Салалтаас болж ямар хохирол, үр дагавар гардаг вэ?

 

-Хамгийн эхэнд хүүхэд хохирдог. Манай шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар гэрлэлтээ цуцлуулсан нэг гэр бүлийн цаана дунджаар 2 хүүхэд амьдын хагацал үзэж байна гэдэг дүгнэлт гарсан. Хамгийн эмгэнэлтэй нь багад нь эцэг эх нь салсан хүмүүсийн 70 гаруй хувь нь гэмт хэрэгт холбогддог. Мөн гэрлэлтээ цуцлуулсан ихэнх хүмүүсийн сэтгэл санаа, бие мах бодь, эдийн засгийн байдал өмнөхөөсөө дорддог. Харин байнгын гэр бүлийн хүчирхийлэлтэй, хосуудын хэн нэг нь эрсдэл бүхий зан үйлтэй бол бие биенийхээ амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүүхдийн төлөвшил, хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөсөө өмнө сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл зүйчээс туслалцаа авах шаардлагатай.

 

-Гэр бүл салалтын тоог багасгахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Төр засгийн зүгээс энэ тал дээр дорвитой арга хэмжээ авдаг уу?.

 

-Нэн түрүүн ерөнхий боловсролын сургууль, албан байгууллагуудад сэтгэл судлаач заавал ажиллуулах шаардлагатай байна. Хүүхэд, эцэг эхчүүдэд гэр бүлийн боловсрол олгодог, сэтгэл зүйн байдлыг нь оношилдог, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, зөвлөгөө өгдөг их, дээд сургууль төгссөн мэргэжлийн сэтгэл судлаач ажиллуулах хэрэгтэй. Үүнээс гадна төрөөс иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилтнуудынхаа гэр бүлд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, дэмждэг байх зэрэг нийгэм-эдийн засгийн талын бодитой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр ашгийн төлөө ажиллаж байгаа ч гэсэн бүтээмжийг нэмэгдүүлэх, сэтгэл санааг нь тогтвортой байлгах үүднээс наад зах нь ажилчдаа уртасгасан цагаар ажиллуулдагаа болих хэрэгтэй. Гэтэл манай төр, хувийн хэвшлийн байгууллагуудад их цагаар ажиллах тусмаа бүтээмжтэй байдаг гэж ойлгодог.

Ашгийн төлөө ажиллаж байгаа ч гэсэн бүтээмжийг нэмэгдүүлэх, сэтгэл санааг нь тогтвортой байлгах үүднээс наад зах нь ажилчдаа уртасгасан цагаар ажиллуулдагаа болих хэрэгтэй.

Гэр бүл салалтыг багасгах талаар Шүүхийн ерөнхий зөвлөл тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Аймаг, нийслэлийн шүүхүүдийн дэргэд эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна, нийслэлд зөвхөн гэр бүлийн маргаантай холбоотой асуудлаар шүүхэд хандсан хосуудад зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч, гэр бүлийн маргааныг дагнан шийддэг шүүгч ажиллаж байна. Шүүх салгах ажлаа л хийнэ гээд зүгээр суугаагүй. Бүгд гэр бүлийг аль болохоор элэг бүтэн байлгахын төлөө хичээж ажиллаж байгаа. Энэ бүхэн бол хийе гэвэл арга олддог гэдгийн жишээ. Мөн бид "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, "Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн”- тэй хамтарч хүүхдийн асрах эрх тогтоох маргаанд шинжээчийн дүгнэлт гаргах гадны орнуудын туршлага, монгол хүүхдийн онцлогт тулгуурласан нэгдмэл арга зүйг саяхан боловсруулж дууслаа. Ингэснээр хүүхдээ авна гэж маргаж байгаа эцэг эхчүүдийн хэн дээр нь хүүхэд үлдвэл сэтгэл зүйн хувьд гэмтэл бага авах вэ гэдгийг сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс тодорхойлох боломжтой болж байгаа гэсэн үг юм.

 

-Хосууд харилцаагаа хамгаалан авч үлдэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?

 

-Гэр бүлд хамгийн чухал зүйл бол харилцаа. Ялангуяа эхнэр-нөхөр хоёрын харилцаа ямар байна вэ гэдгээс хүүхдийн аз жаргал, зөв хүмүүжил, төлөвшил шалтгаална. Зөв төлөвшиж хүмүүжсэн хүний амьдралд асуудал гарсан ч зөв шийдээд явна. Ийм учраас төрж өссөн гэр бүлийн харилцаа, төлөвшил, хүмүүжлээс маш их зүйл шалтгаалдаг. Хосуудын гаргадаг түгээмэл алдаа нь гэр бүлийн хүнээ дахин төлөвшүүлж, хүмүүжүүлэх гэж үздэг. 5-10 жил өөрийнхөөрөө хүссэнээр өөрчлөх гэж үзээд эцэст нь чадахгүй юм байна, бид хоёр таарахгүй нь гээд салахаар шийддэг. Гэтэл хүний төлөвшил, темперамент, сэтгэн бодох чадварыг хэн ч, юу ч өөрчилж чадахгүй. Харин бусдыг ойлгох, дэмжих, сонсох чадварыг өөрчилж, хөгжүүлж болно. Эдгээр чадвар бол гэр бүлийн харилцаандтөлөвшил, хүмүүжлээс ч илүү чухал шаардлагатай. Ийм чадварт суралцсанаар хосууд харилцаагаа эерэг болгож сэтгэл санаа тайван, аз жаргалтай гэр бүлийг бий болгох боломжтой.

Нээлттэй, нөхөр/эхнэрийнхээ оронд өөрийгөө тавьж түүнийг ойлгодог, бие биеэ дэмждэг, сонсдог харилцааг бий болгоход анхаарах хэрэгтэй, энэ бол гэр бүл аз жаргалтай байх гол үндэс.

Нээлттэй, нөхөр/эхнэрийнхээ оронд өөрийгөө тавьж түүнийг ойлгодог, бие биеэ дэмждэг, сонсдог харилцааг бий болгоход анхаарах хэрэгтэй, энэ бол гэр бүл аз жаргалтай байх гол үндэс. Харилцааны эдгээр элементүүд байхгүй болоход үл ойлголцол, маргаан гардаг. Энэ үл ойлголцол даамжирч явсаар ярилцахаа больж, дэмжиж сонсох нь багасаж маргаан гарах нь ихсэж өөрийгөө хамгаалах, бие биеэ буруутгах байдлаар хосуудын харилцаа өрнөдөг. Энэ тойрог олон жил давтагдсанаар эцэстээ салахад хүрдэг. Гэр бүлийн аз жаргалын нууц жор, чухал зарчим гэж байхгүй. Нөхөртөө өглөө цай чанаж амжихгүй байсан ч ядаж ус буцалгаад өгчихдөг, эхнэр хүүхдээ эдэлж хэрэглэх, өмсөж зүүхээр дутаадаг байсан ч сэтгэл санааг нь тайван байлгадаг гэх зэрэг энгийн зүйлээс гэр бүлийн аз жаргал эхэлдэг. Энэ бол тэр тэгэх л ёстой, ингэх хэрэгтэй гэсэн жендерт суурилсан ялгаварлал биш, зөвхөн бие биедээ зориулах сэтгэл, цаг зарцуулах тухай асуудал.

 

 

-Гэрлэх гэж байгаа хүмүүс зөв сонголт хийж байгаа эсэхээ хэрхэн мэдэж болох вэ. Гэрлэлтийн чанарыг хэрхэн тодорхойлдог юм бол?

 

-Бие биеэ хэр сайн мэдэх вэ гэдэг асуултаас эхэлнэ. Гэрлэх гэж байгаа хүнийхээ гэр бүлийн хүмүүжил, хоолны зуршлаас эхлээд үнэт зүйл, хүсэл эрмэлзэл, сонирхол нь юу вэ гэдгийг сайн таньж, тэр хүнд алдаа дутагдал байгаа бол түүнийг өөрчилж болох зүйл үү эсвэл хүлээн зөвшөөрч эвлэрч амьдрахаас өөр аргагүй зүйл үү гэдгийг танин мэдэж, ойролцоо боловсрол, нас, гэр бүлийн өссөн орчин төстэй хүнийг сонгох хэрэгтэй. Бие биеэ сайн таньж мэдсэн, нэгнийхээ хүсэл эрмэлзэл, сонирхлыг нь хүлээн зөвшөөрч хүндэтгэдэг, харилцан халамжилдаг, хоёр биенийхээ өмнө болоод хүүхдүүдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа харилцан ухамсарладаг байх нь гэрлэлтийн чанар, гэр бүлийн аз жаргалыг тодорхойлох гол үзүүлэлт. Хийж байгаа ажил, амьдарч байгаа нөхцөл, унах унаа,хөрөнгө мөнгөтэй эсэх зэрэг үзүүлэлтээс гэр бүлийн аз жаргал тун бага хамаарна. Учир нь хүн бол нийгмийн, сэтгэл санааны амьтан учраас түүний аз жаргал материаллаг нөхцөл биш хүн хоорондын харилцаанаас шалтгаалдаг.

 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Эх сурвалж: www.n24.mn

Нийтэлсэн admin   Үзсэн: 1567   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |