2017.03.20
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд ажиллаж шүүгч, ажилтнуудад Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайлан, 2016 онд ШЕЗ-д хандсан шүүгч, тамгын газрын ажилтнуудын хүсэлтийг шийдвэрлэсэн байдлыг танилцуулав. Энэ үеэр шүүхүүдийн Тамгын газрын үйл ажиллагаа жигдэрсэн байгааг цохон тэмдэглэлээ.
Гишүүн Д.Эрдэнэчулуунд шүүхийн Тамгын газрын дарга Ч.Болдбаатар шүүхийн орчин нөхцөл, шүүгч, ажилтнуудыг танилцуулж, ашиглагддаггүй өргөтгөлийн барилгыг засварлаж шүүхийн үйлчилгээний төв болон шүүх хуралдааны танхим, өрөө тасалгааг нэмэгдүүлэх бололцоо байгааг танилцуулж засварын ажлын хөрөнгийг төсөвлөгдсөн өртөгөөр батлуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ. Мөн тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа шүүгч дагнан ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг танилцуулж, шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
2016 оны тайланг урьд онуудтай харьцуулж, хүрсэн үр дүнг танилцуулсан нь ихээхэн ач холбогдолтой болов. Мөн шүүгч, ажилтнуудаас гарсан санал, хүсэлтийг тэмдэглэлд тусгахыг дурьдаж, эцэст нь шүүгч, ажилтнуудад ажлын амжилт хүслээ.
САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР