Шүүхийн ерөнхий зөвлөл, Удирдлагын академи хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Шүүхийн байгууллагын стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт үнэлгээ” сэдэвт сургалт өнөөдөр (2018.02.26) эхэллээ.
Энэ жилийн сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн 25 тамгын газрын дарга нар оролцож буй. Мөн нийслэл дэх анхан шатны шүүхийн тамгын газрын хэлтсийн дарга, мэргэжилтэн, зохион байгуулагч нар оролцож байна.
Сургалтад оролцогчид байгууллагын менежментийн хөгжлийн чиг хандлага, түүний практик хэрэглээ, байгууллагын стратеги, төлөвлөлт боловсруулах үйл явц, аргачлал, гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй, төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдийн үнэлгээнд тулгуурлан сайжруулах арга зам, үйлчлүүлэгчээ мэдэрч, ойлгож, үйлчлэх арга барил, үнэт зүйлээр байгууллагыг удирдах нь, ажлын байрны зохион байгуулалт, менторинг /халамжлан хөгжүүлэхүй/ зэрэг агуулгаар 24 цагийн танхимын сургалтад хамрагдаж, төрийн удирдлагаар мэргэшин суралцах юм.
Тус сургалт энэ сарын 28-ныг хүртэл гурван өдөр үргэлжилнэ.