Нүүр хуудас > Мэдээлэл > Н.Лүндэндорж: Шүүхийн үйл ажиллагааны хүртээмжийг дээшлүүлнэ

Н.Лүндэндорж: Шүүхийн үйл ажиллагааны хүртээмжийг дээшлүүлнэ


10-12-2018, 02:37. Зохиогч: admin


    Шүүхийн тамгын газруудын 2018 оны ажлын үр дүнг хэлэлцэж, Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2019 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ өнөөдөр (2018.12.07) болсон. Энэ үеэр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж шүүхийн захиргааны байгууллагын 2018 оны ажлын үр дүнг дүгнэж, ирэх оны зорилтоо танилцууллаа.

 

 

 

                Иргэд шүүхийн үйлчилгээ сайжирсан гэж дүгнэв


Шүүхийн захиргааны төв байгууллага, шүүхийн тамгын газрууд шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх, шүүхийн захиргааг төлөвшүүлэх болон 2018 онд дэвшүүлсэн зорилтоо биелүүлсэн нь 36 шүүхийн тамгын газар А, В үнэлүүлсний нотолгоо гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцоллоо.

 

Хэргийн хөдөлгөөний удирдлагыг жигдрүүлэх зорилт тавьснаа амжилттай хэрэгжүүлж, шүүгч болон шүүхийн тамгын газрын хамтын ажиллагаанд чармайлт гаргасан гэж дүгнэлээ. Мөн шүүхийн үйлчилгээг батжуулах зорилт тавьснаа хэрэгжүүлсэн нь хөндлөнгийн болон дотоод судалгаагаар нотлогдож байгааг онцолсон юм.

 

"Азийн сан”-аас арван аймаг, есөн дүүрэгт хийсэн судалгаагаар шүүхийн үйлчилгээ сайжирсан дүгнэлт гарсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жилд хоёр удаа зохион байгуулдаг "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгаагаар шүүхийн үйлчилгээ сайжирсан гэдэг дүгнэлт гарсан. Иргэдийн өгсөн үнэлгээгээр шүүхийн захиргааны байгууллагын 2018 оны зорилт биелэсэн.

 

Төсвийн сахилга хариуцлага нийт шүүхэд сайн байсан нь аудитын үнэлгээгээр нотлогдсоныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга дурдлаа.

 

                               2019 онд амжилтаа бататгаж, шүүхийн хүртээмжийг дээшлүүлнэ


    Ирэх онд өмнөх амжилтаа бататгаж, шүүхийн шинэтгэлийн ололтыг бэхжүүлж, хамгаалах болон шүүхийн хүртээмжийг дээшлүүлэх зорилт дэвшүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хүслээ.

 

2019 онд Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн тамгын газрууд дараах зорилтыг дэвшүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцолсон юм.

 

· Бүх ажилд эзний сэтгэлээр хандах-Өмнөх таван жилийн жишгээр бага зардлаар их ажил, хүний хязгаарлагдмал нөөцөөр шүүхийн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлага бий. 2019 оны төсөв "бүсээ чангалж” ажиллахаас аргагүй байгааг сануулсан юм. Төсөв, хүний нөөц хязгаарлагдмал байгаа ч бүх ажилд эзний сэтгэлээр хандвал амжилт олдгийг өмнөх жилүүдийн үр дүнг харуулж байгааг хэллээ.

 

· Ололтоо бататгах-Бүтээснээ тордож, нутагшуулах, шүүхийн шинэтгэлийн ололтыг бататгаж, бэхжүүлэх, хамгаалахад анхаарч ажиллахыг санууллаа. Шүүхийн талаарх аливаа мэдээлэлд бодитой хариу өгдөг, шинэтгэлийн үр дүнг хамгаалахад захиргааны ажилтан бүр анхаарч ажиллахыг уриалсан юм.

 

· Шүүхийн үйл ажиллагааны хүртээмжийг дээшлүүлнэ- Шүүхийн бүх үйл ажиллагаа үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай, чанартай, үйлчлүүлэгчдийн эрх, сэтгэл ханамжийг баталгаажуулах нь хүртээмжийг дээшлүүлэх ойлголт гэдгийг онцоллоо.


· Хүний хөгжлийн бодлогод анхаарч ажиллах-Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг хөгжүүлэхээс гадна шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрх зүйн мэдлэг, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах нь 2019 оны нэг зорилт гэдгийг онцоллоо. Шүүхээр үйлчлүүлсэн иргэн мэдлэг, мэдээлэлтэй байж шүүх, үйлчлүүлэгч хоёрын харилцааны үр дүн гарна. Тиймээс иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд маркетинг хийх шаардлага байгааг сануулсан юм.

 

· Судалгаанд суурилж ажиллах- Үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөө бүрээ судалгааны үр дүн суурилж хэрэгжүүлдэг уламжлалаа үргэлжлүүлэхийг мөн санууллаа. Судалгааны үр дүнд үндэслэж ажиллах, иргэдийн юу хүсэж байгааг мэдрэх нь ажлын нэг гол үзүүлэлт гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцолсон юм.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад