Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар ярилцав

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар ярилцав


11-01-2019, 03:56. Зохиогч: admin


Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар ярилцав

       Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, тус албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Цэрэнпунцаг, ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа И.Даваажамъяан нарыг өнөөдөр (2019.01.08) хүлээн авч уулзлаа.

 

       Уулзалтаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын хэрэгжилтэд тулгарч буй асуудлын талаар ярилцлаа. Тухайлбал, цагдаагийн байгууллага шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхэд орон тоо дутуу, техник хангамжийн хүрэлцээ хангалтгүй зэрэг тулгамдсан асуудал байгааг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан танилцуулсан. Орон тоог нэмэгдүүлэх талаар Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж байгааг мөн мэдээллээ.

 

       Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиг үүрэг бүхий хэлтсийг татан буулгасныг сэргээж бүтцийг хадгалах саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тавилаа. Мөн Эрэн сурвалжлах, албадан ирүүлэх программын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хоёр тал хамтран ажиллах талаар талууд тохиролцов.

Уулзалтад Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг, референт С.Санчир нар оролцлоо. 


 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс



Бусад