Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангадаг алба хаагчид сургалтад хамрагдав

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангадаг алба хаагчид сургалтад хамрагдав


19-06-2019, 08:36. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр хоёр өдрийн /2019 оны 06 дугаар сарын 14-15-нд/  сургалт зохион байгууллаа. Эхний өдөр ШЕЗ-ийн байранд танхимын сургалт болсон бол дараагийн өдөр үзүүлэх дадлага, сургуулилт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд үргэлжилж, амжилттай болж өндөрлөв.  


Дадлага, сургуулилтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг болон нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын дарга нар, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Эргүүл хамгаалалтын газар, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн оролцлоо. "Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг журам сахиулах, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалтад оролцогчид дадлага, сургуулилт хийсэн юм.

Дадлага, сургуулилтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах чиглэлээр улсын хэмжээний сургалт  өчигдөр танхимын сургалтаар эхэлсэн. Практик дээр буюу шүүхийн байранд өнөөдөр дадлага сургуулилтаар үргэлжилж байна. Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Эргүүл хамгаалалтын газар, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн, шүүхийн Тамгын газрын дарга нартаа баярлалаа. Энэ ажлыг санаачлан, дэмжиж оролцож байгаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Тамгын газрын дарга Д.Ганбаатар нарт мөн талархлаа илэрхийлье” хэмээсэн юм. 

Үүний дараа  шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг улсын хэмжээнд ханган ажиллаж байгаа Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журмыг хангах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ОНАБХГ-ын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг  хэлсэн үгэндээ "Сургалтад ач холбогдол, өгч оролцож байгаа хоёр байгууллагын албан хаагчиддаа баярлалаа. Хоёр өдрийн дадлага сургуулилтаар бодлогын чанартай асуудлууд дээр анхаарах, нэг мөр ойлголцох, өөрчлөх зэрэг олон зүйл дээр харилцан санал бодлоо солилцлоо. Үүгээрээ чухал ач холбогдолтой сургалт болж байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” гэсэн юм.  

Дадлага сургуулилт цагдаагийн алба хаагчдын аравтаар ажиллах ажиллагааны тактик, шүүх, шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах, хуяглан хүргэх, албадан ирүүлэх ажиллагааны сургуулилтаар үргэлжилсэн юм.  
Шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогчид, хуралдааныг сонирхож байгаа иргэд болоод шүүгч, шүүх бүрэлдэхүүний ийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн, үймээн самуун дэгдээсэн үйлдэл гаргавал цагдаагийн алба хаагчид хэрхэн ажиллахаа үзүүлэх сургалтаар харууллаа.
 
"Цагдаагийн байгууллага шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлнэ” гэж "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасан байдаг.
 
Шүүхийн байранд шүүх, шүүгчийн аюулгүй
байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ?

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байрны гадна олон нийтийг хамарсан "үймээн” гарсныг цагдаагийн алба хаагчид тарааснаар үзүүлэх сургалт үргэлжиллээ. Жагсагчид шүүхийн гадна эмх замбараагүй байдал үүсгэж, чулуу мод шидэлж байв. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг хүч нэмэгдүүлэн, тусгай хэрэгслээр хангагдсан алба хаагчид хамгаалалтад гарлаа. Бамбай, гав, бороохой зэрэг тусгай хэрэгслээр хангагдсан алба хаагчид жагсагчдыг түрж, ахлагчийг нь сугалан баривчилж байгаа нь үзүүлэх сургалтаас харагдана. Алба хаагчид жагсагчдыг "Цаашаа, цаашаа” гэж түлхсээр хоёр хувааж хүчийг нь сааруулснаар шүүхийн хашаанаас гаргалаа. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид шүүхийн онцгой бүсийг хамгаалалтад авсан байлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтран баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д "Шүүх болон түүний гадна орчинд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гэнэтийн халдлага гарах, шүүгч, гэрч, хохирогчийн амь биед халдах, барьцаалах, шүүхийн байр руу дайрах, бүслэх, үйл ажиллагааг тасалдуулахыг оролдох, галдан шатаах, шүүхийн байрны орчимд замын хөдөлгөөн хаах зэрэг иргэд, байгууллагын зүгээс учруулж буй аливаа хууль бус үйлдлийн улмаас шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй, мөн үйл ажиллагаанд нь саад учруулсан буюу учруулахаар оролдсон онцгой нөхцөл үүссэн тохиолдолд учрах эрсдэл, аюулыг зайлуулах, түүний хохирлыг багасгах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шүүхийн байрыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад авах” гэж цагдаагийн байгууллагын үүргийг заасан.
 
Үүний дараа яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааны үеийн аюулгүй байдлыг хэрхэн хангахаа алба хаагчид харуулсан юм.
 
Үзүүлэх сургалтын төгсгөлд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар шүүхийн тамгын газрын дарга нар, Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, нэгжийн удирдлагуудтай харилцан санаа бодлоо ярилцлаа. Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй бэрхшээл, байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэж холбогдох байгууллагуудад хүргэхээр болов. 
 
Энэ үеэр шүүхийн тамгын газрын дарга нар сургалтын ач холбогдлыг өндөр үнэлж, цаашид сургалтаа тогтмолжуулж, олон шүүхийн байранд хийх санал тавилаа. Үзүүлэх сургалтын дараа "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах” ажилд үр бүтээлтэй ажиллаж буй албаны дарга нарт шагнал гардуулсан. Мөн сургалтад оролцсон орон нутгийн албан хаагчдад гэрчилгээ гардуулснаар сургалт өндөрлөлөө.


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Бусад