Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ


13-08-2019, 07:35. Зохиогч: admin

       "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд эхэллээ.

       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн хүний нөөцийг бэлтгэх, шүүгч, ажилтныг чадавхжуулахад чиглэсэн "Шүүхийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрийг 2014 онд баталж, "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх” зорилгыг дэвшүүлсэн.

       Энэ ч үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, мэргэшсэн захиргааны ажилтан бэлтгэх зорилгоор "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт”-ыг 2016 оноос жил бүр тасралтгүй зохион байгуулсаар ирсэн билээ.

     Шүүх эрх мэдлийн үндсэн зарчим, шүүхийн захиргааны тухай ойлголт, хөгжил, төлөвшлийн талаар мэдлэг олгох, хэргийн хөдөлгөөний удирдлага, стандартын талаар онол, практикийн мэдлэг эзэмшүүлэх, шүүхээс гарах эрх зүйн актуудын төсөл боловсруулах, шүүх хуралдаан товлох, зарлах, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах мэдлэг, чадвар төлөвшүүлэх, шүүх дэх албан хэрэг хөтлөлт, архив, хавтаст хэрэг илгээх, хүлээн авахтай холбоотой мэдлэг, чадвар, дадал дүй олгох, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүй, хариуцлага болон хэргийн оролцогч, иргэд, олон нийттэй харилцах мэдрэмж, соёл хандлага төлөвшүүлэх зэрэг шүүгчийн шүүн таслах ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны ажилтны албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь мэдлэг, чадвар, хандлагыг олгох нь "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт”-ын үндсэн зорилт юм.

       Энэ жилийн "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт”-ыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад хууль зүйн их, дээд сургууль төгссөн 40 эрх зүйч хамрагдаж байна.

 

       Энэ удаагийн сургалт 82 цагийн танхимын сургалт, 278 цагийн шүүхэд хийх дадлагаас бүрдэж байгаа бөгөөд өмнөх сургалтаас 2 долоо хоногоор илүү буюу нийт 60 хоног зохион байгуулагдахаар болсон юм.

       Танхимын сургалтаар оролцогчид шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн тамгын газрын удирдлага, зохион байгуулалт, шүүхийн үйлчилгээ, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага, шүүхийн ажилтны сэтгэл зүйн онцлог, шүүхийн мэдээллийн технологи, шүүхийн албан хэрэг хөтлөлт, архив, шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцаа, шүүхийн нууц, шүүхийн аюулгүй байдал зэрэг сэдвээр суурь мэдлэг эзэмшинэ. Мөн эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөн, стандарт, хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем, шүүхэд хэрэг хүлээн авах ажиллагаа, хавтаст хэргийн хөтлөлт, хадгалалт, ашиглалт, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, техник зохион байгуулалтыг хангах, шүүхийн актын төсөл боловсруулах, хэргийн оролцогчид эрх, үүрэг танилцуулах, нотлох баримт, эд мөрийн баримт хадгалах, хамгаалах нь зэрэг сэдвээр кейс, дадлагад суурилсан мэдлэг, ур чадвар эзэмшинэ.

       Танхимын сургалтын дараа оролцогчид нийслэл дэх анхан шатны эрүү, иргэн, захиргааны шүүх тус бүр дээр тус бүр 14 хоног дадлага ажлыг хийж, нийт 7 долоо хоногийн турш дадлага ажлыг хийж, практик мэдлэг, ур чадварт суралцах юм.

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж, сургалтын сургагч багш нарыг тусгайлсан хөтөлбөрийн дагуу урьдчилан бэлтгэж, сургалтын хөтөлбөрийг шинэлэг агуулгаар баяжуулсан, сургалтын арга зүйг суралцагчийн оролцоонд тулгуурласан хэлбэрт шилжүүлсэн, шүүхэд дадлагажих хугацааг нэмэгдүүлсэн болохыг онцлоод сургалтын давуу тал, ач холбогдол зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Мөн тэрээр энэ удаагийн сургалтыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн зүгээс санхүүжүүлж байгаа тул сургалтад хамрагдах хүсэлтээ ирүүлсэн эрх зүйчдээс шилж сонгон зорилтот байдлаар уг сургалтыг зохион байгуулж байгааг онцолсон бөгөөд хэрэв оролцогчид сайн суралцвал үнэ төлбөргүйгээр суралцах боломжтой болсон талаар мэдээлсэн юм. Түүнчлэн сургалтад оролцогчдын гол хэрэглэгдэхүүн болох "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт гарын авлага-2019”-ийг боловсруулах ажлыг тухайн чиглэлээр мэргэшсэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан сургагч багш, судлаачид гүйцэтгэсэн талаар танилцуулж, сургалтад оролцогчид амжилт хүссэн юм.

       Сургалтыг хамтран зохион байгуулж байгаа Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-н зүгээс мөн холбогдох мэдээллийг төслийн менежер Ц.Мөнх-Од өгсөн юм.

 

       Сургалтын төгсгөлд мэдлэг, ур чадварын шалгалтад тэнцсэн суралцагчдад "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан” гэрчилгээг олгох бөгөөд энэ нь шүүхийн захиргааны байгууллагад ажилд ороход давуу болох юм.

      Ийнхүү шүүхийн захиргаанд ажиллах хүсэл, эрмэлзэлтэй эрх зүйчдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлага олгоход чиглэсэн энэхүү сургалт дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа нь цаашид шүүхийн захиргааны хүний нөөцийг тасралтгүй мэргэшсэн ажилтнаар бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.


 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Бусад