Нүүр хуудас > Мэдээлэл > Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө


14-11-2019, 05:40. Зохиогч: admin


Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албаны хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Нийслэл дэх шүүхийн тамгын газруудын шүүхийн захиргааны 58 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн шүүхийн захиргааны ажилтнуудад баяр хүргэж хэлсэн үгэндээ "Хүний амьдралд олон сонголт бий. Та бүхэн нийгмийн эмч болсон эрх зүйч мэргэжил, нийтийн албыг сонгосон. Эх орон, ард түмэндээ эрдэм мэдлэгээ зориулж Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чандлан сахихаар төрийн албан хаагчдын эгнээнд нэгдлээ. Хувийн эрхээс нийтийн эрх ашгийг дээгүүрт тавьж, төрд зүтгэх сонголт хийснээ цаг ямагт бодож ажиллаарай. Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахыг хүсэн ерөөе” гэв.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө 

 

Ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Э.Батбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга Ш.Отгонцэцэг нар болон шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо. 

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын амжилт хүсье.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

 


Бусад