Нүүр хуудас > Мэдээлэл > Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч нарт зориулсан сургалт үргэлжилж байна

Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч нарт зориулсан сургалт үргэлжилж байна


10-12-2019, 02:02. Зохиогч: admin


Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан "Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Эрүүгийн эрх зүй”, "Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай материаллаг болон процессын хуулийн практик хэрэглээний зарим асуудал” сургалт үргэлжилж байна.

Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран уг сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Эрүүгийн хууль болон процессын хууль хэрэглээний талаар нэгдсэн ойлголттой болох, тулгарч буй асуудлаа хэлэлцэх зорилготой юм.

Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл сургалт, гадаад харилцаа, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллаж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр хэлсэн үгэндээ дурдлаа. Мөн тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор шүүхийн багц хууль болон зарим хууль өөрчлөгдөнө. Хуулийн төсөл боловсруулахад шүүгчид нэгдмэл байр суурьтай, санаачилгатай оролцох нь чухал” гэж онцолсон юм.

Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч нарт зориулсан сургалт үргэлжилж байна

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт "Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй сургалтын бодлогоо нэгтгэж байгаагийн илрэл нь энэ удаагийн сургалт юм. Шүүгчид хууль хэрэглээнд тулгамдаж буй асуудлаа ярилцаж, нэгдмэл ойлголттой болох нь энэ удаагийн сургалтын зорилго юм” гэлээ.

Шүүгчид өчигдөр "Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Эрүүгийн эрх зүй” сэдвийн хүрээнд хууль тайлбарлан хэрэглэхтэй холбоотой онолын суурь асуудлууд, Эрүүгийн эрх зүйд хууль тайлбарлан хэрэглэх онцлог, Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах тодорхой аргууд, тэдгээрийн хэрэглээ, Эрүүгийн эрх зүйн зарчмууд, тэдгээрийн агуулга, тэдгээрийг хууль тайлбарлан хэрэглэхдээ харгалзан үзэх нь зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд сургагч багш нараас мэдээлэл авсан юм.

Харин өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр бичих аргачлал, зарим төрлийн гэмт хэргийн онцлог, түүнд хууль хэрэглэх, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, анхан болон давж заалдах шатны шүүгчидтэй санал солилцоно.

Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч нарт зориулсан сургалт үргэлжилж байна

Энэ удаагийн сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 5, 6 болон 10, 11-ний өдрүүдэд хоёр ээлжээр зохион байгуулж байгаа юм. Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн 209 шүүгч оролцож байна.


Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


Бусад