Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн спортын их наадмыг албан ёсоор нээлээ

Шүүхийн спортын их наадмыг албан ёсоор нээлээ


29-05-2015, 16:40. Зохиогч: admin


"Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015”арга хэмжээнийалбан ёсны нээлт өчигдөр Спортын төв ордонд боллоо. Спортын их наадмыг нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж үг хэлсэн юм. Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа шүүхийн шинэтгэлийн үр дүнд шүүхийн захиргааны байгууллага анх удаагаа бие даасан бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулаад хоёр жилийн хугацаа өнгөрч байна. 2015 онд шүүхийн системийн хэмжээнд спортын 6 төрлөөр анх удаагаа улсын хэмжээний наадам зохион байгуулж, захиргааны ажилтнуудынхаа мэргэжил, ур чадварыг шалгаруулж байгаа нь шүүгч, ажилтнуудынхаа ажиллах урмыг сэргээсэн, идэвхийг сэргээсэн оновчтой арга хэмжээ гэж бид харж байна. Манай шүүгч, ажилтнууд энэ хэмжээний наадам зохион байгуулахыг хүлээж байсан нь тэмцээнд оролцож байгаа идэвх, ач холбогдол өгч байгаа байдлаар ил тод харагдаж, ойлгогдож байна. Энэ тэмцээнд давхардсан тоогоор 1800 гаруй тамирчид авхаалж самбаа, ур чадвараа сорьж байна. Тэмцээнд спортын мастер, дэд мастер, цол зэрэгтэй олон тамирчид орж тэмцээнийг өрсөлдөөнтэй сайхан болгож байгаад Шүүхийн ерөнхий зөвлөл талархаж байна. Бүсийн тэмцээнийг орон нутгийн хэмжээнд өндөр зохион байгуулалттай явуулсан нийт хүмүүст талархал илэрхийлье. Ингээд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж байгаа "Спортын наадам-2015” тэмцээн нээснийг мэдэгдье. Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье” гэлээ. 




"Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” тэмцээнд шүүхийн тамгын газруудыг газар зүйн байрлалаар нь найман бүсэд хуваан өрсөлдүүлсэн бөгөөд бүсээс шалгарсан баг, тамирчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, энэ сарын 27-31-ний өдрүүдэд ажил мэргэжлийн уралдаан болон спортын их наадамд өрсөлдөж байна. Спортын их наадмыг билльярд, шатар, ширээний теннис, гар бөмбөг, олс таталт, сагсан бөмбөг гэсэн зургаан төрлөөр зохион байгуулж аваргаа шалгаруулах юм. Нээлтийн арга хэмжээний үеэр Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Ардын багш Ц.Дамдин Монголын олимпийн хорооны хүндэт шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нарт гардууллаа.




Ажил мэргэжлийн уралдаан, билльярд, шатарын тэмцээнүүд амжилттай болж өндөрлөсөн бол тавдугаар сарын 29-нд буюу өнөөдөр ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн "Оч” клубэд болж байна. Маргааш буюу 30-нд гар бөмбөгийн тэмцээн, 31 нд сагсан бөмбөгийн тэмцээн, олс таталтын тэмцээн тус тус зохион байгуулагдана. Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтны мэдлэг, ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү уралдаан, тэмцээнд давхардсан тоогоор 1800 тамирчин оролцож байгаа бөгөөд шигшээ тэмцээнд орон нутгаас 500 гаруй тамирчин хүрэлцэн ирж, оролцож байна.


















 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Бусад