Нүүр хуудас > Мэдээлэл > МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ


21-04-2020, 01:39. Зохиогч: admin


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2020.04.15) хуралдаан 10 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

 

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, бодлогын баримт бичгүүдийн холбогдох зорилтыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулжээ. Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан харилцааг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд Шүүгчдийн зөвлөлийг 2 жил тутамд ажиллуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгох, нэр дэвшүүлэн томилох журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлагыг тодорхой болгох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгээр нэмсэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгон тусгажээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг төсөлд тусгасны зэрэгцээ шүүгчид хүлээлгэх хариуцлага, үүнд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчлийг тогтоох, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процесс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй холбоотой өөрчлөлтийг тусгажээ. Мөн Шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг боловсронгуй болгох, шүүхийн төсвийг бууруулахгүй байх, шүүхийн судалгаа, шинжилгээ, сургалтын асуудал хариуцах чиг үүрэг бүхий Судалгаа, сургалтын хүрээлэнтэй холбоотой зохицуулалтуудыг тусгажээ.

Төслөөр шүүгчид тавих болзол шаардлагыг өндөрсгөж, шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлттэйгөөр шүүгчийг шилжүүлэн томилох, албан тушаалаасөө өөрчлөгдсөн шүүгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зохицуулалт, шүүх хуралдааны тодорхой үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах зохицуулалтыг тусгасан болохыг Ц.Нямдорж сайд танилцуулсан юм.  

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцэж, шүүгч хараат бус болон хариуцлагатай байх эрх зүйн орчин улам боловсронгуй болж, улмаар иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрх улам бүр баталгаажна хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, анхан болон давж заалдах шатны 41 шүүх, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Засгийн газрын гишүүд болон эрдэмтэн, судлаачаас холбогдох саналуудыг авч тусгасан гэлээ. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар хуулийн төслийг үзэл баримтлал, танилцуулгын хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр байршуулсан бөгөөд үүний дагуу ирүүлсэн иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 10 гаруй саналыг төсөлд тусгасан байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ш.Раднаасэд, Ж.Батзандан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан.

 

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүдийг сонгох, нэр дэвшүүлэн томилох журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлагыг тодорхой болгон тусгасан болохыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны зөвлөх О.Зандраа тайлбарласан. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд шүүхээс сонгох таван гишүүдийг Шүүгчдийн зөвлөлөөс нууцаар санал хураан сонгох, бусад таван гишүүдийн тухайд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос гурвыг, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр нэг хүнийг нээлттэйгээр зохих журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшүүлж томилохоор төсөлд тусгасан гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүдийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Шүүгчдийн зөвлөлөөс сонгон шалгаруулж сонгож, томилохоор, ингэхдээ Шүүгчдийн зөвлөлөөс сонгогдсон 3 шүүгч болон Хууль зүйн байнгын хороо, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс томилогдсон тус бүр 1 гишүүн орон тооны, бусад 5 гишүүд нь орон тооны бус байхаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг орон тооны гишүүдээс нууц санал хураалтаар гишүүд дотроосоо олонхийн саналаар сонгохоор, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь бүрдсэнээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллуулах, бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүд нь шүүгчээр таваас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх, бусад гишүүд нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, улс төрийн намын удирдах албан тушаал сүүлийн 5 жил хашиж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байхаар тус тус тавих шаардлагыг тодорхойлжээ. Мөн тэрбээр Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн сахилгын хорооны талаарх зохицуулалтууд болон шүүх хуралдааны тодорхой үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахтай холбоотой асуултуудад тайлбар мэдээлэл өгсөн.

Гишүүд үргэлжлүүлэн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлснээр шударга нийгмийг бүрдүүлэх ёстой гэдгийг О.Батнасан гишүүн хэллээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэдгийг Ш.Раднаасэд гишүүн тэмдэглээд, үүнийг төслөөр нарийвчлан зааж оруулсан байгааг хэлж байв. Эрх зүйт төрийн суурь болох энэ төслийг төгс боловсронгуй хууль болгох замаар олон асуудлыг цэгцлэх боломжтой гээд "Сайн хуулийн зэрэгцээ ёс зүйн асуудал тун чухал” гэдэг байр суурийг Д.Ганболд гишүүн илэрхийлэв.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

 

Шүүхийн багц хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулиар зохицуулна

УИХ-ын чуулганы пүрэв гариг /2020.04.16/-ийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, бодлогын баримт бичгүүдийн холбогдох зорилтыг хэрэгжүүлэх үүднээс урьд нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөлд шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн олонх, Улсын дээд шүүхийн шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөлийг 2 жил тутамд ажиллуулахаар шинээр хуульчилж, зөвлөлийн хуралдаанд оролцох анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн тоог тухайн шүүхийн шүүгчийн тоонд хувь тэнцүүлсэн байдлаар шүүх бүрээс төлөөлөл оролцох боломжтой байхаар тусгасан.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгээр нэмсэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгож тусгасан. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг төсөлд тусгасны зэрэгцээ шүүгчид хүлээлгэх хариуцлага, үүнд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчлийг тогтоох, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процесс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй холбоотой өөрчлөлтийг зохицуулж өгсөн.

Шүүхийн мэргэшлийн хороо нь орон тооны бус 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 4 жил болгон өөрчилж, гишүүдэд тавих шаардлагад эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан байхаар, мөн шүүгч, хуульчаас гадна эрдэмтэн байхаар нэмж зохицуулж байгаа. Шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг боловсронгуй болгох, шүүхийн төсвийг бууруулахгүй байх, шүүхийн судалгаа, шинжилгээ, сургалтын асуудал хариуцах чиг үүрэг бүхий Судалгаа, сургалтын хүрээлэнтэй холбоотой зохицуулалтуудыг тусгасан гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ онцлов.

Мөн хуулийн төсөлд шүүгчид хүлзэлгэх хариуцлага, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процессыг тодорхой болгож, шүүгчид тавих болзол шаардлагыг өндөрсгөх, шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр шүүгчийг шилжүүлэн томилох, албан тушаалаасаа өөрчлөгдсөн шүүгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зохицуулалт, шүүх хуралдааны тодорхой үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах зохицуулалтыг тусгасан болохыг тэрбээр нэмж тодотголоо.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцэж, шүүгч хараат бус болон хариуцлагатай байх эрх зүйн орчин улам боловсронгуй болж, улмаар иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрх улам баталгаажна хэмээн төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Харин уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан "Их засаг” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, "Үндсэн хууль” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан, Ч.Хүрэлбаатар, "Их хуралдай” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам, шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг уг хуульд нийцүүлэн зохицуулах шаардлага үүсээд байна. Иймээс шүүхийн багц хуулиудыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, түүнчлэн Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр", Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл” зэрэг бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлзх үүднээс Улсын Их Хурлаас 2012 онд батлан хэрэгжүүлж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хийсэн хэрзгжилтийн үр дагаврын үнэлгээнд дурдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан. Ингэхдээ хууль тогтоомжийг хэрэглээ болон тогтвортой байлгах үүднээс дээрх дөрвөн хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлээд байна.

Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, анхан болон давж заалдах шатны 41 шүүх, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Засгийн газрын гишүүд болон эрдэмтэн, судлаачдаас санал авч тусгасан. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар төслийг үзэл баримтлал, танилцуулгын хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд байршуулж, иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн 10 гаруй саналыг төсөлд тусгасан гэдгийг салбарын сайд нэмж тодотгов.

Мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн, ажлын хэсгийн гишүүн, Улсын дээд шүүгчийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны зөвлөх О.Зандраа нар гишүүдийн асуултад нэмэлт хариулт, тайлбар өгөв. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан хууль хүчингүй болсонд тооцох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 20 шахам хууль тогтоомжийн төслийг боловсруулжээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, О.Батнасан, Х.Нямбаатар, Д.Тэрбишдагва нар үг хэлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Ингээд гишүүдийн 68.4 хувийн саналаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Эх сурвалж: http://www.parliament.mn

 


Бусад