Нүүр хуудас > Мэдээлэл > “ШҮҮГЧИЙН ГАНЦААРЧИЛСАН” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

“ШҮҮГЧИЙН ГАНЦААРЧИЛСАН” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


22-04-2020, 01:16. Зохиогч: admin


Хувь хүний хөгжил ба шүүгчийн ур чадварыг хөгжүүлэх эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан "Шүүгчийн ганцаарчилсан” чөлөөт сонголтын сургалт 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн байранд эхэллээ.

Хөдөө орон нутаг дахь шүүхээс 2 шүүгч хамрагдаж буй тус сургалтын зорилго нь шүүгчдийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын шинэ санаа, санаачилгаа хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, бие даан болон болон бүлгээр суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хэрэглэдэг гол хууль тогтоомжийг боловсронгуй болгоход санал өгөх, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажил боловсруулахад чиглэгдсэн юм.

 

Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн дарга Ц.Мандах нар Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж буй тус сургалтын онцлог, ач холбогдлыг тодотгоод хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн судалгааны арга зүйд амжилт хүсэв.  

Улсын Дээд шүүхийн шүүгчид болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар  удирдаж, арга зүйн зөвлөгөөгөөр хангах тус сургалтад хамрагдсан шүүгчдийн судалгааны ажил, холбогдох үр дүнг цаашид хууль боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг бодлогын хэмжээнд ашиглагдах юм.

 

 

Шүүхийн хүний нөөцийн газар

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн


Бусад