Нүүр хуудас > Мэдээлэл > Я.ЖАМЪЯАН: ДУУ ДҮРСНИЙ ПРОГРАММ АШИГЛАН ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ НЬ МАШ ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ САНАГДСАН

Я.ЖАМЪЯАН: ДУУ ДҮРСНИЙ ПРОГРАММ АШИГЛАН ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ НЬ МАШ ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ САНАГДСАН


3-12-2020, 04:43. Зохиогч: admin



      Дуу дүрсний программ ашиглан шүүх хуралдаанд оролцоход ямар санагдсан вэ, Хүндрэл бэрхшээл байсан уу?

   Энэ цар тахлын халдвартай үед дуу дүрсний программ ашиглан анх удаа шүүх хуралдаанд  оролцож үзлээ. Миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Шүүхийн хувьд халдвар хамгаалалтыг ягштал биелүүлж, цахим хуралдаанд оролцох хэргийн оролцогчдыг тусгаарласан танхим гарган холбогдох заавар зөвлөмж байршуулсан, техник тоног төхөөрөмжийн хувьд ямар ч асуудалгүй бэлтгэл ажлыг маш сайн хангасан байна.

     Та урьд нь шүүх хуралдаанд оролцож байсан уу, Танхим болон цахимаар шүүх хуралдаанд оролцоход ялгаатай талууд юу байсан вэ?

    Миний хувьд урьд нь шүүх хуралдаанд олон удаа зөвхөн танхимаар оролцож байсан.  Харин дуу дүрсний программ ашиглан цахимаар шүүх хуралдаанд оролцоход олон сайхан давуу талууд байна гэж харлаа. Юу вэ гэхээр танхимаар оролцоход замын түгжрэл зарим асуудлаас болж хэргийн оролцогчид хоцрох, хурал цагтаа эхлэхгүй нэг нэгийгээ хүлээж цаг алдах асуудал гардаг байсан бол цахим шүүх хурал нь бүгд нэгэн зэрэг цагтаа эхэлж байгаа, оролцогчид байгаа газраасаа /гэр, ажил, оффис/ шууд оролцох нь цаг хугацаа хэмнэх, энэ эрсдэлтэй үед өөрийгөө халдвараас сэргийлэх зэрэг олон давуу талууд байна.

 

   

      Шүүх хуралдааны явцад ойлгомжгүй сонсогдохгүй дүрс сарних зэрэг асуудал гарсан уу?

    Цахим шүүх хуралдааны хувьд танхимд орж байгаатай адилхан нүүр нүүрээ хараад, хэн юу ярьж байгаа нь маш ойлгомжтой, дүрс  яриа тод ямар нэг асуудал байхгүй байсан. Ер нь зөвхөн халдварын үед гэхгүйгээр цаашид ч энэ дуу дүрсний программыг ашиглан цөөхөн оролцогчтой шүүх хуралдааныг цахимаар явуулдаг байвал хэргийн оролцогч болон хуульч өмгөөлөгч нарт  хэрэгтэй зүйл гэж харж байна.

      Та бүхэнд техник тоног төхөөрөмжийн хувьд мэдэхгүй, хүндрэлтэй зүйл байсан уу?

    Миний хувьд шүүхийн тусгаарласан өрөөнөөс холбогдсон учраас ямар ч хүндрэл гараагүй. Сая шүүх хуралдаанд байгаа газраасаа оролцсон өмгөөлөгч нар ч олон байлаа. Эдгээр хүмүүс мөн адил өндөр сэтгэгдэлтэй байна. Энэ нь шүүхээс түгээж байгаа цахимаар оролцох заавар, зөвлөмж мэдээлэл сайн хүрсэн учраас хүндрэл гараагүй байх гэж бодож байна. Одоо бидний зүгээс хийх ганц зүйл гэвэл энэ программ дээр ажиллаж сурах, дадах л үлдсэн байна. Нийгэм хөгжиж цахим болж байгаа энэ цаг үед маш хэрэгтэй зүйл хийж хэрэгжүүлж, өндөр түвшинд сайн зохион байгуулж ажиллаж байгаад баярлаж байна.  Мөн олон иргэд үйлчлүүлдэг эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа та бүхэнд эрүүл энхийг хүсье гэлээ.

                               

                            Ярилцсан:  

                            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

                            Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр  


Бусад