Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүх байгуулах тухай хуулийн төслийг баталлаа

Шүүх байгуулах тухай хуулийн төслийг баталлаа


23-06-2015, 14:57. Зохиогч: admin

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

 

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д өргөн барьсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулна. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулахаар боллоо. Ингэснээр Булган, Сэлэнгэ аймагт шинээр захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулах юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шинэтгэлийн томоохон хэсэг болох дагнасан шүүх байгуулах асуудал ийнхүү дэмжигдлээ.

 

 

Түүнчлэн Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг 8 Сум дундын шүүхүүдийг дагнуулахгүй байгуулахаар болоод байна.

 

Шүүхийн нэрийг тухайн шүүхийн харьяаллын засаг захиргааны нэгжийн нэрээр нэрлэх юм. Тухайлбал, "Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, "Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх”, "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэх мэт. Энэ хууль батлагдсанаар шүүхийн тамгын газар шинээр нэмэгдэхгүй, шүүхийн дэд бүтцэд өөрчлөлт орохгүй, шүүх, шүүгч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, нүүлгэн шилжүүлэлтийг дахин хийхгүй, их хэмжээний хөрөнгийн нэмэлт зардал гарахгүй юм.

 

 

Харин Сум дундын шүүхийг дагнан байгуулахтай холбогдуулан 21 ерөнхий шүүгч, 15 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг Булган, Сэлэнгэ аймагт шинээр байгуулахтай холбогдон 2 ерөнхий шүүгч, 6 шүүгч тус тус нэмэгдэж байгаа боловч энэ тоо нь УИХ-ын 2013 оны 12 дугаар тогтоол "Шүүгчийн орон тоог батлах тухай”-оор баталсан орон тооны хязгаарт багтаж байгаа болно. Түүнчлэн эдгээр нь 2015 онд батлагдсан шүүхийн төсвийн хэмжээнд санхүүжигдэх боломжтой тул нэмэлт төсөв батлах шаардагдахгүй давуу талтай юм. 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад