Нүүр хуудас > Мэдээлэл > “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо


30-07-2015, 10:00. Зохиогч: admin


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэл мэдээллийн 34 байгууллагын 60 орчим сэтгүүлч, сурвалжлагч хүрэлцэн ирж сурвалжилсан тус хуралд Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар, ахлах референт Э.Өлзийлхам, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах референт О.Одгэрэл нар оролцож, Монгол Улсын шүүхийн 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулсан юм.


Анхан шатны шүүх 2015 оны эхний хагас жилд эрүүгийн 3569 хэрэг, иргэний 20033 хэрэг, захиргааны 653 хэрэг, нийт 24255 хэрэг хянан шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4287 хэргээр буюу 21,4 хувиар өссөн үзүүлэлт юм. Тухайлбал эрүүгийн хэрэг 4.7 хувиар, иргэний хэрэг 25.1 хувиар, захиргааны хэрэг 17.8 хувиар тус тус өсчээ. Түүнчлэн 9314 зөрчилд захиргааны хариуцлага оногдуулж, 676 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах болон ялаас чөлөөлж, 1780 хүнд баривчлах, цагдан хорих арга хэмжээ авсан байна.

 

Эрүүгийн хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр 439 сэжигтнийг баривчлах материал хүлээн авснаас 407 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгож, 32 сэжигтэнд баривчлах зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар шүүхээс 991 хүнийг сэжигтнээр, 789 хүнийг яллагдагчаар цагдан хорих зөвшөөрөл олгожээ. Тайлангийн хугацаанд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 74, 75 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 333, 334 дүгээр зүйлд тус тус заасны дагуу нийт 1040 хүнд холбогдох тодорхойлолт дүгнэлт ирүүлснээс 20 ялтныг өвчний учир хугацаанаас өмнө хорих ял эдлэхээс чөлөөлж, 676 ялтныг эдлээгүй үлдсэн хорих ялаас нь тэнсэн суллаж, 236 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулсан бол 52 ялтны хорих ялын дэглэмийг хүндрүүлж шийдвэрлэсэн байна.


2015 оны эхний хагас жилд улсын хэмжээнд шүүхэд нийт 9460 захиргааны зөрчил бүртгэгдсэнээс 9314 зөрчилд захиргааны хариуцлага ногдуулж, 146 тохиолдолд захиргааны зөрчил ногдуулахаас татгалзаж буцаажээ.

 

Харин давж заалдах шатны шүүх нь 2015 оны хагас жилд эрүүгийн 1072 хэрэг, иргэний 1225 хэрэг, захиргааны 503 хэрэг, нийт 2800 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 306 хэргээр буюу 12.6 хувиар өссөн бөгөөд үүнээс иргэний хэрэг 25.5 хувиар, захиргааны хэрэг 15.6 хувиар тус тус өссөн бол эрүүгийн хэрэг 1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Хяналтын шатны шүүх 2015 оны хагас жилд эрүүгийн 293 хэрэг, иргэний 595 хэрэг, захиргааны 191 хэрэг нийт 1079 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 94 хэргээр буюу 9.5 хувиар өссөн бөгөөд үүнээс иргэний хэрэг 23.7 хувиар, захиргааны хэрэг 3.8 хувиар тус тус өссөн бол эрүүгийн хэрэг 8.4 хувиар буурсан байна.



Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Бусад