Нүүр хуудас > Мэдээлэл > “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн талаар мэдээлэл хийлээ

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн талаар мэдээлэл хийлээ


27-10-2015, 10:35. Зохиогч: admin

 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутамд уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр "Шүүхийн төсөв, шүүгчийн цалин” сэдвийн хүрээнд боллоо. Энэхүү хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Цэвээндорж, Шүүхийн санхүү удирдлагын хэлтсийн дарга С.Наранбилэг нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн шүүхүүд мөн онлайнаар холбогдлоо.


 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр бид шүүхийн шинэтгэлийн талаар мэдээлэл өгдөг. Хэвлэл мэдээллийн байгууллагаас ийм олон сэтгүүлчид энэ удаагийн хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн явдалд чин сэтгэлээсээ та бүхэнд талархал илэрхийлье. МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг багц хуулиар сайн хамгаалсан. Шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүхийн төсөв, эдийн засагтай холбоотой том том хамгаалалтуудыг хийж өгсөн. Тухайлбал, Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудаар шүүхийн төсвийг өмнөх оныхоос нь бууруулж болохгүй, шүүхийн төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д шууд өргөн мэдүүлэх тухай зохицуулалт хийж өгсөн. Мөн. Үүнээс гадна шүүгчийн цалин хөлс, түүний бүрэлдэхүүнийг бууруулж болохгүй тухай мөн хамгаалалт хийж өгсөн. Мөн шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчийн цалин хангамж, нийгмийн хамгааллыг дордуулсан ямар нэгэн эрх зүйн акт гаргаж болохгүй гэж энэ мэтээр шүүхийн эдийн засаг, шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хамгаалсан том том зохицуулалтыг багц хуульд тусгагдсан. Монгол Улс бол НҮБ-ын гишүүн орон. Шүүхийн бие даасан байдлын 11 дүгээр суурь зарчимд:"Шүүгчийн бүрэн эрхийн хугацаа, хараат бус, аюулгүй байдал, зохистой цалин хөлс, ажлын нөхцөл, тэтгэвэрт гарах, тэтгэвэр авах хангалттай баталгааг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Үүнээс гадна МУ-ын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлээр Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана гэж заасан байдаг юм. Энэ мэтээр шүүх, шүүгчийн эдийн засгийн байдал бол сүүлийн хоёр жилийн хугацаанд сайжирсан, баталгаатай болсон гэдгийг тоо баримтаас харж болно. Тухайлбал сүүлийн хорин жилд шүүхийн төсөв улсын төсвийн 0,20-0,40 хувь байсан бол сүүлийн хоёр жилд 0,75 орчим болж 1 хувь рүү дөхөж ирсэн. Энэ бол олон улсын жишиг рүү нэлээн дөхсөн алхам байлаа. Гэвч эдийн засаг хямарсан гэдэг нэрийн дор шүүхийн эдийн засаг төсөв хөрөнгө 2016 онд асар хэмжээгээр буурах төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Жишээлбэл шүүхийн төсвийг бараг 13 тэрбумаар, анхан шатны шүүгчдийн цалинг 62 хувиар, давж заалдах шатны шүүгчдийн цалинг 63 хувиар, Улсын дээд шүүхийн шүүгчдийн цалинг 56 хувиар бууруулахаар тогтоолын төслийг УИХ-д Засгийн газар өргөн мэдүүлсэн. Ингэж өргөн мэдүүлэхдээ хуулийн нөгөө мундаг хамгаалалтуудыг хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьсан байгаа. Тэгэхээр хамгийн аюултай нь шүүхийн эдийн засгийг хамгаалсан хуулиудыг хүчингүй болгож байгаад шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулж байгаа явдал бол шүүхийн бие даасан байдалд аюул учруулах хэмжээнд байна. Үүнтэй холбогдуулан Монголын хуульчдын холбоо, Шүүгчдийн холбоо, Хуульч эмэгтэйчүүдийн холбооноос тус тус мэдэгдэл гаргасан байна.

 

 

 

Мөн Шүүгчдийн холбооноос энэ асуудлаар Олон улсын шүүгчдийн холбоонд энэ асуудлыг мэдээлсэн байна. Шүүгчдийн холбооноос МУ-ын Засгийн газар, Улсын их хурал, холбогдох байгууллагуудад харамсаж байгаагаа илэрхийлж, албан бичиг явуулсан гэж сонссон. Шүүхийн төсвийг ¼ хувиар бууруулж, шүүгчдийн цалинг бууруулж байгаа явдал нь хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа юм. Тэгэхээр бид хууль дээдэлдэг нийгэмд амьдарч сурах гэж байгаа. Үүний төлөө л бид сүүлийн 25 жил явлаа шүү дээ. Гэтэл Засгийн газар нь өөрөө хуулиа биелүүлэхгүй юм бол энэ хуулийг хэн биелүүлэх вэ гэдэг асуудал үүсэн гарч ирж байгаа. Ямар ямар хуулиудыг зөрчиж байна гэхээр Төрийн албаны тухай хуулийн 38.2 гэдэг заалтыг зөрчиж байгаа. Энд бол санхүүгийн хэмнэлт гаргах үүднээс төрийн албан хаагчдын цалинг бууруулж болохгүй гэдэг заалт байдаг.


 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 28.2-т Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болон бүх шатны шүүгчдийн цалинг тус тус хуулиар зохицуулна гэж өөрөөр хэлбэл УИХ-ын тогтоол юмуу өөр эрх зүйн актаар зохицуулж болохгүй гэсэн энэ заалтыг зөрчиж, Засгийн газар тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Мөн Шүүхийн тухай хуулийн 6.7 дугаар заалтыг зөрчиж байгаа. Үүнд бүх шатны шүүгчийн цалин, орон тоог Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан УИХ тогтооно гэсэн заалтыг зөрчиж байгаа. Засгийн газар биднээс ямарваа нэгэн санал аваагүй. Хамгийн гол нь Засгийн газраас сая УИХ-д төсөл өргөн мэдүүлэхдээ манайтай ямар нэг байдлаар холбоо бариагүй. Шүүх засаглалын үл хүндэтгэсэн, үл тоосон, бие даасан байдлыг нь илт үгүйсгэсэн шинж чанартай байгаа нь их хортой юм.


 

Энэ явдал цаашдаа жишиг болж тогтвол Шүүх засаглалын Үндсэн хуулиар олгогдсон нөгөө хоёр эрх мэдэлтэйгээ тэнцвэртэй харьцаатай байна гэдэг заалт үлгэр болж цаасан дээр үлдэх аюул бий болоод байгаа. Мөн түрүүнд хэлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар заалтад шүүгчийн цалин хангамж, нийгмийн хамгааллыг дордуулсан эрх зүйн ямар нэгэн акт гаргахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Эдгээр хуулийн заалтыг зөрчиж, Засгийн газар шүүхийн төсөв, шүүгчийн цалинтай холбоотой асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Үүний сөрөг үр дагавар маш их.


 

Тухайлбал засаглалын тэнцвэртэй байдал алдагдана. Хоёрдугаарт шүүгчийн эдийн засгийн хараат бус байдал алга болох нь. Сүүлийн хоёр жилд цалин нэмэгдсэнтэйгээр холбоотой шүүгчид маш олон төрлийн зээл авсан. 2015 оны 10 дугаар сарын байдлаар нийт шүүгчдийн 98.5 хувь нь арилжааны банкнуудад нийт 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Үүнээс 17.8 тэрбум төгрөг буюу 72.9 хувь нь орон сууцны зээл, 5.6 тэрбум төгрөг буюу 22.8 хувь нь цалингийн зээл, 1.0 тэрбум төгрөг буюу 4.2 хувь нь хэрэглээний зээлтэй байна. Шүүгч дунджаар сард 583.0 мянгаас 3250.0 мянган төгрөг нэг сарын зээлийн төлбөрт төлж байна. Өөрөөр хэлбэл шүүгч нар 1-3 төрлийн, дээд тал нь 20 хүртэлх жилийн хугацаатай зээлтэй байна. Тэгэхээр одоо цалин нь буурвал шүүгч нар зээлээ банкуудад яаж төлөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үнэн чанартаа манай шүүгч нар хараат бус шүүгч биш арилжааны банкуудаас шууд хамааралтай, өр зээлэнд баригдсан ийм хэсэг бүлэг хүмүүс гарч ирэх аюул харагдаад байгаа юм. Нөгөө талаас шүүгчийн хариуцлага сулрах магадлалтай. Сая цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор шүүгчдийн эдийн засаг сайжирсан гэдгээс илүү шүүгчийн хариуцлага дээшилсэн. Хүний хөдөлмөрийг шударгаар үнэлэхээр тэр хүнд ажил, албан тушаал нь үнэ цэнэтэй болдог. Илүү чармайлттай, илүү зүтгэлтэй ажилладаг. Шүүгч нарыг маш олон төрлийн нэмэгдэл цалин авдаг гэх ташаа мэдээлэл маш ихээр гардаг. Энэ нэмэгдлийг бол 2002 оны хуучин хуулиар гурван төрлийн нэмэгдэл авч байсан. Багц хуулиар бүх нэмэгдлийг хассан. Одоо шүүгч нар ямар нэгэн нэмэгдэл огт авдаггүй. Зөвхөн шүүгчээр ажилласан тав дахь жилээсээ эхэлж цалингийн 2 хувийн нэмэгдэл авч байгаа. Монголын шүүгчдийн ихэнх нь залуу хүмүүс байгаа учраас нэмэгдэл авч байгаа хүн бол бараг байхгүй гэж хэлж болохоор байгаа юм. Ийм бэрхшээл өнөөдөр шүүх засаглалын өмнө тулгараад байна. Алдарт Эйнштэйний хэлсэн үг байдаг. Бэрхшээл дунд боломж нь хадгалагдаж байдаг гэж. Тэгэхээр бид итгэл найдвараа бүрэн алдаагүй байна. Энэ бол Засгийн газрын зөвхөн өргөн мэдүүлсэн санал. Энэ саналыг өөрчлөх, хуульд нийцүүлэх үүрэг УИХ-д байж байдаг. Тийм учраас бид УИХ Засгийн газрын хууль зөрчсөн шийдвэрийг засч, залруулна гэж найдаж байгаа. Монгол Улсад бол эдийн засаг хямарч болно. Харин шударга ёсны төлөө зүтгэх зүтгэл, шударга ёсны төлөө хийх тэмцэл хямарч болохгүй гэдгийг хэлмээр байна” гэв.


 

Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ” гэсэн заалтыг оруулж өгсөн.

 

 

Шүүхийн төсөв нь Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийг хангах, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх замаар Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдал, үндсэн хуульт байгууллагыг хамгаалахад чиглэгдсэн байдаг.


Гадаад улсуудын шүүхийн төсөв тухайн улсынхаа төсвийн 1-ээс багагүй хувийг эзэлдэг боловч харамсалтай нь Монгол Улсын шүүхийн төсөв 2016 онд нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээний зөвхөн 0.57%-ийг эзлэхээр байна. Энэ нь өмнөх орныхоос 0.3 хувиар буурч байгаа юм.

 

 

Шүүхийн төсөв улсын нэгдсэн төсөвт эзлэх хувь /тэрбум.төг/

Он

ШЕЗ төсөв

УДШ төсөв

Шүүхийн Төсөв

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ

Шүүхийн төсөв нэгдсэн төсвийн зарлагт эзлэх хувь

2013

45.4

3.0

48.3

7,449.2

0.65%

2014

58.4

3.4

61.9

7,313.8

0.85%

2015

54.8

3.9

58.7

7,837.4

0.75%

2016

41.9

3.0

44.9

7,883.0

0.57%

 

Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны төсвийг өргөн барихдаа цалин, нийгмийн даатгалын санг 2015 оны батлагдсан төсвөөс 10.8 тэрбум төгрөгөөр бууруулж анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн цалинг бууруулах тогтоолын төсөл, шүүх эрх мэдлийг Гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус байлгах зохицуулалт бүхий холбогдох хуулийн заалтуудыг хүчингүй болгох хуулийн төслийг эдийн засаг хямарч буй нэрийн доор өргөн барьсан байна. Энэ нь хямралыг туулан гарахад багахан нөлөө үзүүлж болох ч ирээдүйд шүүх эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдлээс хараат болох, засаглалын тэнцвэр алдагдах эхлэлийг тавих эрсдэлтэй юм.


Шүүгч иргэний эрхээ хуулиар хязгаарлуулсан, цалингаас өөр орлого олох ёсгүй, шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг, шударга ёсны манаач билээ.


Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2016 оны төсвийн төсөлдөө Шүүгчийн албан тушаалын цалинг 30 хувиар бууруулж буй гэсэн боловч бодит байдал дээр Шүүгчийн албан тушаалын цалин 44%-63% буурахаар байна. Шүүгчийн дийлэнх олонх буюу анхан шатны шүүгч, анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн (бүх шатны шүүгчдийн 91.5%) албан тушаалын цалин 62%-63% буурч байгаа нь шүүгч нарын албан тушаалын цалин эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна гэсэн хуулийн заалт зөрчигдөх, шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдал алдагдахад хүрч болзошгүй байна.

 

Шүүгчийн албан тушаалын цалингийн харьцуулсан хүснэгт /мян.төг/

 

Д/д

Албан тушаал

Одоо авч буй цалин

ЗГ-аас УИХ-д өргөн барьсан тогтоолын төслөөр тогтоох цалин

Буурч буй албан тушаалын цалингийн хэмжээ

Буурч буй албан тушаалын цалингийн хувь

1

Хяналтын шатны шүүхийн Ерөнхий шүүгч

3,300.0

1,835.5

1,464.5

44.4%

2

Хяналтын шатны шүүхийн шүүгч

3,200.0

1,383.5

1,816.5

56.8%

3

Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч

3,000.0

1,383.5

1,616.5

53.9%

4

Давж заалдах шатны шүүхийн шүүгч

2,900.0

1,061.4

1,838.4

63.4%

5

Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

2,800.0

1,061.6

1,738.4

62.1%

6

Анхан шатны шүүхийн шүүгч

2,700.0

1,020.5

1,679.5

62.2%

 

Улсын Их Хурал шүүхийн тухай багц хуулийг баталснаар Үндсэн хуулийн үзэл баримтлалыг 20 гаруй жилийн дараа бодитоор хэрэгжүүлэх, шүүхийн эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шийдэл болсон. Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлж буй энэ цаг үед шүүхийн төсөв, шүүгчийн цалинг хасахад чиглэсэн бодлого баримталж, эрх зүйн шинэтгэлийн цөм болсон хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох нь шүүхийн шинэтгэлийн бодлогоос ухарсан, шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж үзэхээр байгаа юм.

 Энэ удаагийн "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн 40 гаруй байгууллагын 80 орчим сэтгүүлч, сурвалжлагч хүрэлцэн ирлээ.


 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад