Нүүр хуудас > Мэдээлэл > ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ


14-06-2016, 14:05. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Ханнс-Зайдель сангийн "Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан хуульчийн үргэлжилсэн багц цаг олгох сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу 2 ээлжээр амжилттай зохион байгууллаа.

Сургалтын нэгдүгээр ээлж 2016 оны 05 сарын 19-21-ний өдрүүдэд, хоёрдугаар ээлж 2016 оны 06 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд тус тус Шүүхийн сургалтын төвд болж өндөрлөлөө.

(Захиргааны эрх зүйн сургалт нэгдүгээр ээлж)

 

(Захиргааны эрх зүйн сургалт I-р ээлж нээлт)

Сургалтад захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 90 шүүгч оролцож, захиргааны материаллаг болон процессын эрх зүйн хүрээнд хууль хэрэглээний мэдлэг, чадвараа дээшлүүлэв.

 

Захиргааны эрх зүйн сургалт нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэлийн үзэл баримтлал, шинэлэг зохицуулалт, захиргааны хэргийн шүүх хуралдааныг удирдах, захиргааны хэргийн шүүхийн нотлох чиг үүрэг, захиргааны хэргийн шүүх хуралдааныг удирдах, шүүхийн шийдвэр боловсруулах зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, шүүгчдийн онол, практикийн, хууль хэрэглээний мэдлэг, чадварыг нэмэгдүүллээ.

 


Сургалтад Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Х.Батсүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Н.Эрдэнэцогт, Удирдлагын академийн багш, доктор Д.Сүнжид, МУИС-ийн ХЗС-ийн дэд захирал Г.Банзрагч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Батбаатар, С.Мөнхжаргал, Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нар багшаар ажиллалаа.

 

(Захиргааны эрх зүйн сургалт II-р ээлж нээлт)

 

 

 

Сургалтыг захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн эдгээр сургагч шүүгч багш, эрдэмтэн, Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан шүүгч, судлаачид удирдан явуулсан нь сургалтын үр дүн, ач холбогдлыг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой байв.

 

 

 

Мөн энэхүү сургалт нь шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтыг цогц хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулах зорилгоор байгуулагдсан "Шүүхийн сургалтын төв” албан ёсоор нээлтээ хийж, үүд хаалгаа нээсний дараах анхны шүүгчдийн сургалт байснаараа онцлог байв.

 

Ийнхүү Монгол Улсын захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчийн дунд 2 ээлжээр зохион байгуулсан Захиргааны эрх зүйн сургалт амжилттай өндөрлөж 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтыг хааж, сургалтын үр дүнгийн талаар шүүгч нартай харилцан ярилцаж шүүгчдийн санал сэтгэгдлийг сонслоо.

 

Шүүгчид сургалтыг үр өгөөжтэй, цагаа олсон, агуулгадаа нийцсэн гэж дүгнэсэн бөгөөд хичээл удирдан явуулсан багш нарын заах арга зүй, мэдлэг мөн сургалтын гарын авлага тараах материал сайн байсныг онцолж, цаашид Захиргааны шүүхийн шүүгчид зориулсан сургалтыг энэ удаагийн сургалттай адил нэгдсэн байдлаар Шүүхийн сургалтын төвд зохион байгуулж байх хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Бусад