Нүүр хуудас > Мэдээлэл > “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо


20-06-2016, 15:56. Зохиогч: admin


 
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндорж, ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, доктор Кристиан Гласс, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн шүүхийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан нар оролцож, 2016 оны 03-04 дүгээр саруудад Монгол Улсын шүүхийг цогцоор нь судалсан судалгааны дүнг танилцуулав.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж "Монгол Улс сүүлийн 25 жилийн турш өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн. Гэхдээ энэ хугацаанд шүүхийн талаар ямар нэгэн хөндлөнгийн үнэлгээ хийлгэж байсангүй. Шүүхийн шинэтгэл хэрэгжсэнээс хойш анх удаа олон улсын хөндлөнгийн байгууллагаар шүүхийн талаар хөндлөнгийн цогц судалгаа хийлгүүллээ. Дэлхийн улс орнууд энэ судалгааг хийлгэхдээ нэлээд болгоомжилдог юм байна. Учир нь судалгааны дүнд хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч боломжгүй учраас үр дүн нь яаж гарах бол гэдгээс эмээдэг. Харин бид эмээсэнгүй. Монголын улсын шүүхийн бодит нүүр царайг хөндлөнгөөс харъя гэж зориуд хийлгэлээ” хэмээн хэвлэлийн бага хурлын эхэнд онцоллоо. 

   

ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, доктор Кристиан Гласс "Улс орны эдийн засгийн суурийн гол хүчин зүйл нь шүүх эрх мэдлийн тогтвортой байдал юм. Шүүх эрх мэдлийн тогтвортой байдал нь иргэдийн эрх тэгш байдалд амьдрах боломжийг хангахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтын таатай нөхцөл болдог” гэдгийг онцлоод судалгааны дүнг танилцууллаа.


Энэхүү судалгаа нь Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлд шүүхийн тогтолцооны иж бүрэн, бодит, хөндлөнгийн үнэлгээг хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж, саналыг дэвшүүлснээрээ шүүх эрх мэдлийн онцлох томоохон үйл явдлын нэг юм. Өөрөөр хэлбэл, энэхүү судалгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлснээр 3 дахь жилдээ хэрэгжиж буй шүүхийн шинэтгэлд олон улсын түвшинд нэг мөр хариулт өгч байгаагаараа өндөр ач холбогдолтой.


"Монгол улсын шүүхийн цогц зураглал” судалгаа нь олон улсын жишиг, стандартад суурилж шүүхийн тогтолцоог бүхэлд нь судалж хараат бус, хөндлөнгийн мэргэшсэн баг (Judicial Integrity Group) үнэлгээ хийдэг байна.  

 

- Шүүхийн хараат бус байдал – Independence

- Төвийг сахисан шүүх эрх мэдэл - Impartiality

- Шүүгчийн ёс зүй - Integrity

- Шүүгчийн зохистой байдал – Propriety

- Тэгш эрхийг эрхэмлэх - Equality

- Хичээл зүтгэл, чадвар – Competence and Diligence гэсэн шалгуурын хүрээнд судалгааны багийнхан Хууль зүйн яам, 3 шатны иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүхүүд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Хуульчдын холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй уулзалт, ярилцлага хийж, асуулга явуулж, шүүхүүдийн үйл ажиллагааны бодит байдлыг газар дээр нь шинжлэн судалсны үндсэн дээр нарийвчилсан дүгнэлтүүдийг хийсэн байна. Юун түрүүнд: 

 

-Монгол Улсын шүүхийн шинэтгэл нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй гарааны нөхцөлтэй бусад орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж байна.


-Шүүхийн бие даасан байдал /Judicial Integrity Group/-ын талаар тогтоосон олон улсын стандартуудын дийлэнх хэсгийг хуулийн хэмжээнд тусгасан байх бөгөөд шүүхийн практикт хэрэгжиж байна гэсэн товч дүгнэлтийг тодотгосон тус судалгаа Монголын улсын иргэдэд дэлхийн түвшинд ямар хэмжээнд яваа шүүхээр эрхээ хамгаалуулж байгаагаа мэдэх боломжийг олголоо. 

 

Шүүгчдэд хэрэг хуваарилах процесс ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр программд цаг хугацааны дарааллаар, тохиолдлын журмаар хуваарилагддаг нь шүүгчийн хараат бус байдлын том нотолгоо гэдгийг судалгаа онцолсны зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчдийн ур чадвар асуудалтай нь шүүн таслах ажиллагааг удаашруулах, улмаар өөр бүрэлдэхүүнээр хэргээ шийдвэрлүүлэх зорилгоорхи боломжуудыг олон өмгөөлөгч бодитоор ашиглаж байгааг дурьджээ. Мөн өмгөөлөгчдийн үйлчилгээний хөлсний хэмжээг зохицуулаагүй, өмгөөлөгчдийн хувьд сургалтын эрэлт хэрэгцээ өндөр гэж судалгаанд тодорхойлсон байна.


Улаанбаатар хотын Дүүргийн шүүхийн шүүх хуралдааны танхимууд нь жижиг боловч шаардлага хангахуйц, хүндэтгэл төрүүлэхүйц мөн орчин үеийн сайн тоноглолтой, цахим систем ньхэвийн ажиллагаатай, шүүх хуралдааныг дүрс бичлэгээр шууд үзэх боломжтой, эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлсэн нь амжилттай хэрэгжиж, шүүхийн нэр хүндийг өсгөж байна гэсэн дүгнэлт бүхий "Монгол Улсын шүүхийн цогц зураглал” судалгааны хэсгээс товчлон дурьдвал: 

 

Шүүхийн захиргаа нөлөөлөлгүй

 

§Шүүхийн ерөнхий зөвлөлд улс төр болон шүүхийн зүгээс үүрэг даалгавар өгөх боломжгүй.

§Дарга нь сахилгын арга хэмжээ ногдуулах, шүүгчидтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрхгүй боловч ярилцлага хийх боломжтой.

§Шүүхийн захиргааны нээлттэй байдал хангагдсан

§ Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний хувьд зохимжтой 

 

Шүүхийн ил тод, нээлтэй байдал бүрэн хангагдсан

 

§ Шүүх бол үйлчилгээний байгууллага

  • Шүүхийн цахим санд бүх шийдвэр нээлттэй
  • Зайнаас хуралд оролцох видео-конференци болон аудио-ярилцлагын тоног төхөөрөмжтэй
  • Шүүхийн нээлттэй, хүртээмжтэй байдал бүрэн хэмжээнд хангагдсан.

 

Шүүхийн мэдээлэлд хэвлэл мэдээлэл мэдрэмжтэй ханддаг


  • Шүүхийн ерөнхий зөвлөл сар бүр хэвлэлийн бага хурлаар шүүхийн мэдээллийг нээлттэй түгээдэг
  • Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ил тод байдал нь улс төрийн нөлөөллөөс ангид байх хамгийн сайн хамгаалалт
  • Шүүхийн мэдээлэлд хэвлэл мэдээлэл мэдрэмжтэй ханддаг

 

Шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим


  • Шүүгчид халдашгүй байдлаа өөрсдийн цалингийн хэмжээг багасгахгүй байх зарчим алдагдсантай холбож байна

 

Шүүгчийн цалин хангалттай хэмжээнд хүрсэн


  • Шүүгчийн цалинг бууруулах нь шүүгчийн хараат бус байдлыг хязгаарлах хүчин зүйл мөн
  • Шүүгчийн цалингийн сүүлчийн өсөлт нь зохих хэмжээнд амьдрахад хангалттай хэмжээнд хүрсэн
  • Шүүгчийн цалингийн хэмжээг бууруулахгүй байх зохицуулалтыг хуулиас хассан нь ухралт

 

Судалгааны зөвлөмж:


  • Шүүгчийн хараат бус байдал хангагдсан нь төрийн зүгээс нөлөөлөх боломжийг институцын хувьд хаасан
  • Шүүхэд карьер хийх ойлголтыг санхүүгийн хувьд хязгаарласан
  • Шүүгчдийн ажлын нөхцөл байдал, өөртөө итгэх итгэлд шүүмжлэх зүйл алга
  • ШЕЗ төсвөө парламентын өмнө хамгаалах эрхтэй байгаа нь шүүхийн ач холбогдлыг бататгасан
  • Харин шүүгчийн цалинг нэмэгдүүлэх явцад цалинг бууруулахгүй байх зарчим алдагдсан нь дутагдалтай
  • Шүүгчийн цалинг бууруулахгүй байх зарчмыг буцааж бий болгох хэрэгтэй байна.
  • Шинэ шүүгчдийн сургалтын эрэлт хэрэгцээ маш өндөр
  • Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг 14 хоногийн сургалт нь энэхүү шаардлагыг хангахгүй байна
  • Шүүгчээр томилохоос өмнө буюу боломжтой бол шүүгчийн сонгон шалгаруулалтын дараа дор хаяж 6 сарын цалинтай практик сургалт явуулах

 

Санал:

 

Энэ салбарын аливаа маргаан нь үнийн дүн өндөр, хугацаа их шаарддаг учраас өндөр мэргэшсэн шүүгч, дагнасан шүүх шаардлагатай талаар судалгаанд дурьдсан байна.  

 

Энэ удаагийн "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн 30 байгууллагын 50 гаруй сэтгүүлч, сурвалжлагчид оролцлоо. Тухайлбал: Монголын үндэсний олон нийтийн телевизийн "ММ агентлаг”, Монголын үндэсний радио, "VTV”, "Эх Орон”, MNC”, "World”, "Star”, Parlianment, "25HD”, "ТМ”, "TV9” телевиз, "eagle”, "SBN”, "TV5” зэрэг телевиз, "Үндэсний мэдээ”,Өглөөний сони, "Үнэн”,"Үндэсний шуудан” зэрэг сонин, "zaluu.mn”, "gogo.mn”, "medee.mn”, "undesten.mn”, "ugluu.mn”, "today.mn”, "news.mn”, зэрэг сайтууд болон "МОНЦАМЭ агентлаг” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага шүүхийн мэдээлэлд анхаарал хандууллаа. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, БЗД, СБД, ЧД-ийн шүүхийн олон нийттэй харилцах ажилтнууд, Монголын өмгөөлөгчдийн холбооны "Өмгөөлөгч” сэтгүүлийн төлөөлөл хэвлэлийн бага хуралд ирж оролцсон бол Өвөрхангай, Архангай, Говь-Алтай аймгийн шүүхүүдтэй онлайнаар холбогдлоо.

 

 

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


Бусад