Нүүр хуудас > Мэдээлэл > БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


14-09-2016, 15:21. Зохиогч: admin

БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж Солонгосын Эрх зүйн сургалтын төвийн профессор Кан Гү Чол болон Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын газрын Нарийн бичгийн дарга Пак Чон У нарыг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж профессор Кан Гү Чолд Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын газрын нарийн бичгийн дарга Пак Чон У энэхүү уулзалтад ач холбогдол үзүүлэн хүрэлцэн ирсэн явдалд талархаж байгаагаа онцлон тэмдэглэв.

 

 

Түүнчлэн Монгол Улсад өрнөж буй шүүхийн шинэтгэлийн явц болон түүний үр дүнг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс иж бүрэн, олон улсын цогц судалгаа хэрхэн үнэлсэн талаар дурьдаад Монгол Улс болон БНСУ-ын Шүүхийн захиргааны байгууллагуудын хооронд харилцаа тогтоох явдал нь ихээхэн чухал болохыг онцолж, энэхүү харилцаа холбоог хөгжүүлэхэд Солонгосын Эрх зүйн сургалтын төвийн профессор Кан Гү Чол нь хоёр улсын Шүүхийн захиргааны байгууллагуудыг холбох гүүр болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэн эрхийн хугацааны гол стратегийг тодорхойлсон. Үүнд шүүгчдийн сургалтыг шинэчлэх, чанаржуулах, өргөжүүлэх явдал бол энэхүү бүрэн эрхийн хугацааны хамгийн гол ажил гэдгийг онцлов.

БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 

 

Солонгосын Эрх зүйн сургалтын төвийн профессор Кан Гү Чол хэлэхдээ сургагч шүүгчдийг БНСУ-аас Монгол Улсад ирж сургалт явуулах мөн Шүүхийн сургалтын төв "Баяндөхөм цогцолбор”-т техникийн туслалцаа үзүүлэх асуудлаар КОЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагатай уулзах талаар түлхүү анхаарч ажиллах бөгөөд тун удахгүй нааштай хариу мэдэгдэх болно гэдгийг илэрхийлэв.

 

Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж Солонгосын Эрх зүйн сургалтын төвийн профессор Кан Гү Чолд шүүхийн шинэтгэлийн ажилд хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаад болон хоёр улсын шүүхийн захиргааны байгууллагуудыг холбож өгөх талаар холбогдох байгууллагууд болон албан тушаалтнуудтай уулзаж, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаар тодорхой мэдээлэл түгээж байгаа явдалд дахин талархал илэрхийллээ.



Шүүхийн гадаад харилцааны хэлтэс


Бусад