Нүүр хуудас > Мэдээлэл > GIZ-ийн төслийн баг орон нутгийн шүүхүүдэд ажилласан тайлангаа гаргажээ

GIZ-ийн төслийн баг орон нутгийн шүүхүүдэд ажилласан тайлангаа гаргажээ


16-09-2016, 21:57. Зохиогч: admin

GIZ-ийн төслийн баг орон нутгийн шүүхүүдэд ажилласан тайлангаа гаргажээ

 

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэл, шүүхийн шударга байдалд Judicial Integrity Scan буюу "Шүүхийн цогц зураглал судалгааг хийсэн. Тэгвэл энэ удаад тэд хөдөө, орон нутгийн шүүхүүдийн үйл ажиллагааны талаар судалгаа хийжээ. Төслийн баг 2016 оны 07 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймгийн анхан, давж заалдах шатны иргэн, эрүүгийн хэргийн шүүхүүдэд ажиллажээ.

 

Тэд шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах болон үйл ажиллагаанд нь мониторингийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр 2009 оноос хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хөдөө орон нутгийн шүүхүүдэд хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах, цаашид авч хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагаануудыг тодорхойлох зорилгоор ийнхүү орон нутгийн шүүхэд ажилласан байна.


Төслийн багийнхан орон нутгийн шүүхийн Ерөнхий шүүгч, тамгын газрын дарга нараас мэдээлэл авахаас гадна шүүгчид, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн зэрэг ажилтнуудтай биечлэн уулзалт хийж, шүүхийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг нь сонссон байна. GIZ-ийн төслийн багийн орон нутгийн шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцсан тайлангаас товчлон сонирхуулья.


Шүүгч, захиргааны ажилтны орон тоо хүрэлцээгүй байна


Ажилласан аймаг болгон дээр тулгамдсан гол асуудал бол Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх аймаг тус бүр дээр шүүгчийн орон тоо нэмэлгүйгээр дахин байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүгчид аймаг дамжин бүрэлдэхүүн нөхөж ажиллаж байна. Мөн иргэний хэргийн шүүхүүдэд туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоо хүрэлцэхгүй байгаа гэсэн санал цөөнгүй гарчээ.


"Иргэн-2014” програм үр дүнгээ өгсөн


Тус программ нэвтэрснээр ажлын ачааллыг бууруулсан ч илүү боловсронгуй болгох хэд хэдэн саналуудыг ажилтнууд нэмэрлэсэн байна.

 

 

Програмын хэрэглээний сургалт үр дүнгээ өгсөн, цаашдаа ч зохион байгуулах шаардлагатайг захиргааны ажилтнууд онцолсон. Баянхонгор, Өвөрхангайгаас бусад аймгуудад ИХХША-ны нэгдсэн системийн киоск үйлчилгээг нэвтрүүлж, хэргийн оролцогчид нууц кодоор www.irgen.civilcourt.mn цахим хуудсаас өөрийн хэргийн явцтай шуурхай танилцах боломжтой болсон нь одоогоор өмгөөлөгчдийн түлхүү хэрэглээ болжээ.


Захиргааны мэргэшсэн ажилтан /Мэргэшсэн алба/


Уулзалтад оролцсон шүүгч, захиргааны ажилтнуудын мэргэшсэн захиргааны албаны талаархи ойлголт харьцангуй дутмаг байгааг төслийн багийнхан тайландаа дурьджээ. Уулзалтад оролцогчид шүүхийн захиргааны алба бие даасан байдалтайгаар шүүхүүдэд байгуулагдсан нь тун зүйтэй зүйл болсон хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн шүүхийн захиргааны албыг бие даасан хэлбэрээр байгуулсан, шүүгч шүүхийн захиргааны ажилтан гээд эрх үүргийг тодорхойлсон нь ажлын байрны чиг үүрэг талаасаа оновчтой болсон гэж үзжээ. Шүүхийн захиргааны ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах шаардлага тулгарч байна. Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан гэдэг бие даасан мэргэжлийг бий болгож, тэдгээрийг шүүхийн байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцүүлж тусгай мэргэжлийн сургуульд бэлддэг тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Ингэснээр шүүхэд захиргааны чиглэлээр мэргэшсэн ажилчид тогтвор суурьшилтай ажиллаж, шүүхийн захиргааны албадад карьер хийж болох бөгөөд шинэ ажилтныг сургах дадлагажуулах шаардлагагүй болсноор шүүхийн бүх ажилчдын ажлын ачаалал багасна. Ажлын байр нь тогтвортой байснаар үүсэх бас нэг давуу тал бол ажилдаа улам мэргэшиж, цаашид ч өсөх хандлагатай байгаа шүүхийн ачааллыг бууруулж, иргэдийг чирэгдүүлэхгүй хурдан ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж төслийн багийнхан тайландаа дурьджээ.

 

 

Шүүгчийн ганцаарчилсан сургалтыг дэмжих хэрэгтэй


Шүүгч нарын үргэлжилсэн сургалт маш үр дүнтэй сайн байгаа талаар уулзалтад оролцогчид хэлсэн бөгөөд энэ жилийн сургалтын сэдэв нэгэнт тодорхой болсон учраас энэ талаар саналгүй гэжээ. Гэхдээ сургагч багш нарыг заах арга зүйн сургалтанд хамруулах мөн багш нар сургалтын тухайн сэдвээр аймаг бүрт нэг мөр ойлголт өгвөл зүгээр гэдгийг анхааруулжээ. Түүнчлэн сургалтыг цахим хэлбэрээр явуулах нь зардал хэмнэж байгаа боловч үр өгөөж багатай. Шүүгчийн ганцаарчилсан сургалт гэх мэтээр шүүгчдэд судалгаа, шинжилгээний ажил хийх боломж олгож, дэмжих хэрэгтэй гэдгийг төслийн багийнхан тайландаа дурьдсан байна.

 

 

Иргэдэд зориулсан мэдээлэл, сурталчилгаа


Шүүхүүд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Нээлттэй шүүх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Бүх шүүхүүд цахим хуудастай. Шүүхүүд албан байгууллага, ерөнхий боловсролын сургууль, сумдад очиж, эрх зүйн сургалт хийж хуульч сурталчилж ажиллахаас гадна шүүхийн үйл ажиллагаатай ирэгдийг танилцуулах уулзалт хийж байна. Иргэдээс шүүхийн үйл ажиллагааны талаар судалгааг тогтмол авдаг бөгөөд шүүхэд итгэх иргэдийн итгэл өсч байна. Шүүхийн шинэтгэлийг иргэд эерэгээр хүлээн авч байна хэмээн оролцогчид хэлсэн талаар тайланд дурьджээ.


Өмгөөлөгчдийг ур чадвар, ёс зүйн сургалтад хамруулах шаардлагатай


Нийт аймгуудад өмгөөлөгчдийн хүрэлцээ хангалттай байна. Гэхдээ тэдний мэргэжлийн ур чадвар дутмаг, ёс зүйгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилгоор гомдол гаргадаг эсхүл шүүгчийг хувь хүний хувьд дайрч доромжлох "дээшээ мэдүүлнэ” гэх мэтээр сүрдүүлэх тохиолдол гардаг байна. Тиймээс өмгөөлөгчдийн ур чадвар, ёс зүйг сайжруулах сургалтыг Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооноос тогтмол явуулж байх хэрэгтэй гэж тайландаа дүгнэжээ.

 

 

Тахарын албыг татан буулгасан тухайд


Шүүхийн ажилтнууд Тахарын алба үр дүнтэй ажиллаж байсан бөгөөд татан буулгасан нь буруу гэж үзэж байна.


Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх иргэдийн хандлага өсч байна. Гэвч шүүхээр баталгаажуулсан эвлэрэлийн гэрээний биелэлт хангалтгүй байгааг дурьдаж байна. Гэр бүлийн маргаан өсч байгаатай холбогдуулан энэ талаар мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч ажиллуулвал үр дүнтэй талаар тус тайланд дурьджээ.



GIZ-ийн төслийн баг орон нутгийн шүүхүүдэд ажилласан тайлангаа гаргажээ
GIZ-ийн төслийн баг орон нутгийн шүүхүүдэд ажилласан тайлангаа гаргажээ
GIZ-ийн төслийн баг орон нутгийн шүүхүүдэд ажилласан тайлангаа гаргажээ

 

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 


Бусад