Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүх ба олон нийт" хөтөлбөрийн хүрээнд гурав дахь жилдээ зохион байгуулсан "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт 2016 оны 9 дүгээр сарын 23,24-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад"Өдрийн сонин”, "Зууны мэдээ”,"Үндэсний шуудан”, "Өглөөний сонин”, "Өнөөдөр” сонин, "Монцамэ” агентлаг, зэрэг өдөр тутмын 7 сонин, "С1 телевиз”, "МҮОНР”, "МҮОНТ”-ийн "Монголын мэдээ” суваг, "Ийгл”, "NTV”, "МN-25” дугаар суваг, "ТМ”, "Монгол HD”, "ТВ9”, "Стар ТВ”, "UBS” зэрэг 13 телевиз, "news.mn”, "gogo.mn”, "Ikon.mn”, "itoim.mn”, "zaluu.com”, ”uls.mn”, "bataar.mn”, "24tsag.mn”, "today.mn”, "olloo.mn”, "Infomongol.mn”, "medee.mn”, "polit.mn”, "ontslokh.mn”, "baabar.mn” dorgio.mn зэрэг 17 сайтын сэтгүүлч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ЭХАШШ-ийн ОНХМ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ИХАШШ-ийн ОНХМ, Нийслэл дэх ЗХАШШ-ийн ОНХМ, зэрэг нийт 40 хүн хамрагдаж, "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” гэрчилгээг гардаж авсан юм. Сургалтад хамрагдсан сэтгүүлчдийн сэтгэгдлээс хүргэе.
"ТМ” телевизийн ерөнхий редактор С.Эрдэнэбаяр: Шүүхийн сэтгүүл зүй сууриа тавилаа
-Үзэгнээс өөр зэвсэггүй бидэнд дөрөв дэх засаглал гэсэн айхтар том малгай бий. Заримдаа энэ малгай бидэнд томдоод олон жил болж уу гэж бодогддог. Ярихгүй сэдэвгүй, бичихгүй салбаргүй болтлоо бид чадваржсан мэт олон нийт хардаг. Үнэндээ мэддэг ч юмгүй, мэддэггүй ч юмгүй тал дугуй өнхөрсөөр, ийм л байдлаар мэдээ мэдээллийг түгээсээр ирсэн нь бидний гол дутагдал болжээ. Харин эдийн засаг, хууль шүүх, улс төр гээд ерөнхий салбарууд дотор илүү нарийвчилсан мэдлэгээр "зэвсэглэж”, тэр чиглэлдээ түлхүү ажиллах нь тухайн сэтгүүлчийн хувьд олон талаар давуу талтайг өнөө үед мэдрэх болж. Энэ эрэлт хэрэгцээг онож хараад, шүүхийг сурвалжлах, эрэн сурвалжлах чиглэлд мэргэшсэн сэтгүүлч бэлтгэж байгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монголын сэтгүүлзүйд оруулж байгаа оюуны томоохон хөрөнгө оруулалт юм. Хамгийн гол нь нэг дуулаад мартах юмыг байнга сануулж, лавшруулж, жил бүр сургаж дадлагажуулснаар мэргэшсэн энэ чиглэлийн сайн сурвалжлагч нарыг бэлтгэнэ гэсэн шүүхийн сэтгүүл зүй сууриа нэгэнт тавилаа. МУИС-ийн Хууль зүйн сургуульд хуульчдыг бэлтгэж байгаа эрдэмтэн доктор, профессор удирдлагатай Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийг оюун мэдлэгээр цэнэглээд зогсохгүй сэтгүүлчдэд ч энэ үр өгөөжтэй сургалтаа чанартай хүргэж байгаад баяртай байна. Аль аль талаасаа хичээн чармайж чадвал шударга ёсны төлөөх үйлсэд хувь нэмрээ чадахын хэрээр оруулна гэдэгт бүрнээ итгэж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
"Itoim” сайтын сэтгүүлч Г.Улсболд: Сэтгүүлчийн хүний эрхийн мэдрэмж, бичлэгийн техник дээшилдэг

"Zaluu.com”сайтын сэтгүүлч Б.Батчимэг: Бодит мэдээллийг хүргэхэд том түлхэц болсон

VTV телевизийн сэтгүүлч Ц.Одгэрэл: Маш том олз боллоо
-Миний мэргэжил сэтгүүлч. Шударга үнэний дуу хоолой болдог мэргэжлээрээ дамжуулж шударга ёсны баталгаа болсон Шүүх засаглалын тухай иргэддээ үнэн бодитой мэдээ мэдээлэл түгээх хүсэл надад бий. Сэтгүүлч мэддэг зүйлийнхээ тухай ярьж бичиж иргэддээ хүргэдэг байх ёстой. Хууль шүүхийн талаар дагнан бичдэг болон эрэн сурвалжлах сэтгүүлчид "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" сургалтаас мэдлэг мэдээлэл хангалттай олж авч чаддаг. Өнөө цагийн Монгол улсын толгой хуульчдаар нэг дор хичээл заалгаж номын дуу сонсох алтан боломж сэтгүүлчдэд байтугай хууль шүүхийн салбарынханд ч олдохгүй аз завшаан. Иргэдийн удаан хүлээлт нийгмийн захиалга болсон шүүхийн шинэчлэлийн талаар хууль санаачлагч хэрэгжүүлэгчдээр хичээл заалгасан нь маш том "олз" байлаа.
"Өглөөний сонин” сэтгүүлч Б.Төрбат: Олон сэтгүүлчийг хамруулах нь зөв
-Хаалттай сэдвийг нээлттэй болгохыг зорьдог сэтгүүлчид, тэр дундаа эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг, хөнддөг сурвалжлагч бидэнд тэрхүү чиглэлээрээ мэргэших гэдэг бол чухал асуудал юм. Ялангуяа хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг судалж, тэрхүү салбарт ажиллаж байгаа "мундаг"-уудаас үг сонсоно гэдэг ховор аз юм даа. Энэ ховор "аз", боломжийг сэтгүүлчдэд жил бүр олгодог Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олондбаярлаж байна. Миний хувьд "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" сургалтад хоёр дахь жилдээ суулаа. Өнгөрсөн жил хөдөө, орон нутагт томилолтоор явж байсан болохоор сууж чадаагүй. Боломж л гарвал алдахгүй анаж байгаад суухыг, сургалтад нь хамрагдахыг хүсдэг. Учир нь, мэдэхгүй олон зүйлийг, чадахгүй олон асуултынхаа хариуг баттай эх сурвалжаас нь, тэрхүү "мундаг"-уудаас олж авдаг. Сургалтын хувьд сэдэв, санаа нь их цаг үеэ оллоо гэж бодож байна. Ямартай ч нийгэмд, нөгөөтэйгүүр дотроо эргэлзээтэй байсан олон асуултдаа хариулт авлаа. Ирэх жилүүдэд улам их олон сэтгүүлчийг хамруулах хэрэгтэй шиг санагдсан. 40, 50 гэдэг их тоо хэдий ч түүгээр бичиж байгаа, сурч байгаа нөхдүүдийн хажууд чамлалттай тоо шүү дээ. Тиймээс аль болох л их сэтгүүлч хамруулах нь зөв гэж бодож байна.
"МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч: Ж.Батсайхан: Мэдлэг ахиж буйг үнэллээ

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс