Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн спортын их наадам эхэллээ

Шүүхийн спортын их наадам эхэллээ


9-11-2016, 17:21. Зохиогч: admin

"Шүүхийн спортын их наадам-2016” тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг тэмцээнд Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон нийслэл, орон нутгийн 31 багийн 672 тамирчин спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж байгаа юм.

 

 

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв болон Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц оролцлоо.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тэмцээнийг нээж, тамирчдад амжилт хүслээ. Тэрбээр "Монголын шүүх түүхэн хөгжилдөө хүний эрхийг гол баримтлалаа болгож шударга ёсыг сахиулж байгаа нь шүүх засаглал дэлхийн түвшинд хүрсэнийг илтгэж байна. Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь энэ удаагийн тэмцээн юм. Та бүхэн нэгэн гэр бүл адил нэгдэн нөхөрлөж, шударга өрсөлдөхийг уриалж байна” гэсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын Улсын Дээд шүүх байгуулагдсаны түүхэн ойг тохиолдуулан спортын их наадам зохион байгуулж байгаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе. 2016 он бол Монголын шүүх засаглалд түүхэн үйл явдлаар дүүрэн байлаа. Энэ онд шүүх байгуулагдсаны ой тохиохын зэрэгцээ Монгол Улсын шүүх, шүүх засаглал түүхэнд байгаагүй том үнэлгээг олон улсын бие даасан, хараат бус байгууллагаас авлаа. ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ) Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаанд цогц үнэлгээ хийж, Монгол Улсын шүүхийн хөгжил шинэтгэлийн үр дүн ижил гараатай улсуудаас түрүүлж байгааг дэлхий дахинд дуулгалаа. Энэ мэдээ энд цугласан нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын цуцалтгүй хөдөлмөрийн үр дүн гэдгийг дуулгахад таатай байна” гэлээ.

 

 

Нээлтийн үйл ажиллагаанд МУГЖ Д.Жаргалсайхан, "Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амараа нар ая дуугаа өргөлөө. Мөн Биеийн тамир, спортын газрын "Спортын алдар” тэмдэгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа нарын хүмүүс шагнууллаа.

 

 Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 
 
 
 

Бусад