Нүүр хуудас > Мэдээлэл > “Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо”-ны Их хурал боллоо

“Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо”-ны Их хурал боллоо


16-11-2016, 19:41. Зохиогч: admin


"Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо"-ны ээлжит бус их хурал өнгөрсөн бямба гаригт боллоо. Хуралдааны эхэнд "Шүүхийн ажилтны нэгдсэн холбоо”-ны тэргүүн Т.Мэндсайхан холбооны Удирдах, гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулсан юм. Удирдах зөвлөлийн нэг гишүүн ажлаасаа чөлөөлөгдсөн учраас оронд нь Г.Мэндбаярыг олонхийн саналаар сонголоо.

 

 

Удирдах зөвлөлийн гишүүд холбооны санхүү, гадаад харилцааны талаарх үйл ажиллагааны танилцуулгыг гишүүддээ хийсэн юм. "Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо” нь дэлхийн 44 улсын гишүүнчлэлтэй "Олон улсын шүүхийн захиргааны ажилтнуудын холбоо”-нд гурван жилийн өмнө гишүүнээр элсчээ. "Олон улсын шүүхийн захиргааны ажилтнуудын холбоо”-ны бага хуралд хоёр жилийн өмнө манай төлөөлөгчид оролцсон аж. Олон улсын хурал, арга хэмжээнд оролцоход гадаад хэлний бэрхшээл байгааг гишүүдэд анхааруулсан юм. Энэ асуудал дээр шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулсан вакумжуулсан сургалт зохион байгуулахыг холбооны гишүүд хүслээ.

 

 

Холбооныхоо үйл ажиллагааг өргөжүүлэх, ямар чиглэлд анхаарах вэ гэдэгт гишүүд саналаа хэлснээр хуралдаан үргэлжиллээ. Нийслэл, орон нутгийн шүүхийн захиргааны ажилтнуудад тулгамддаг асуудал өөр. Тиймээс захиргааны бүх ажилтны саналыг нэгтгэж байж холбооныхоо үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах саналыг зарим гишүүн гаргасан юм. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү "Шүүхийн захиргааны ажилтнууд хуульчдын сургалтад суух цаг зав хомс байдаг. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хуульчийн кредит цаг тооцуулах сургалт явуулаач” гэсэн юм. Шүүхийн захиргааны ажилтнуудын сургалтыг орон нутагт зохион байгуулж байх саналыг ч гишүүд гаргаж байлаа. Захиргааны ажилтнууд магистрын хөтөлбөрт сурахад ажлын чөлөө олгох тал дээр анхаарч, сурч байх хугацааны цалинг олгож байх хүсэлтийг мөн гаргалаа. Үүнээс гадна шүүхийн захиргааны ажилтнуудыг сэлгэн ажиллуулж, туршлага судлуулах санал гаргалаа.

 

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэргэжилтэн Б.Уранзаяа "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүхийн захиргааны ажилтнуудыг мэргэжлээрээ ажилласанд тооцдоггүй. Холбооноос уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг нэгтгэж хүргүүлэх, хуульчийн кредит цагийн сургалтын төлбөрийг хөнгөвчлүүлэх талаар Хуульчдын холбоотой ярьж өгөөч” гэв.

 

 

Шүүхийн захиргааны ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах боломж хомс, ажиллах нөхцөл тааруу байгаа. Тогтвор суурьшилтай ажиллах боломжийг хангахын тулд цалинг нэмэгдүүлэх, хуульч мэргэжлээр ажилласанд тооцуулах талаар анхаарч ажиллах саналыг Орхон аймгийн шүүхийн Тамгын газрын дарга М.Ганчулуун гаргасан юм.

 

 

Ийнхүү шүүхийн захиргааны 26 ажилтан саналаа хэлсний дараа "Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо”-ны тэргүүн Т.Мэндсайхан "Та бүхний саналыг сонслоо. Шүүхийн захиргааны ажилтнуудыг хуульчийн мэргэжлээр ажилласанд тооцуулах талаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уриалга, санал гаргах боломжтой. Харин шүүхийн захиргааны ажилтнууд хуульчаар ажилласанд тооцуулна гэдгийг буцаана гэж хэлж чадахгүй. Учир нь шүүхийн цус ойртлоо гэдэг шүүмжлэлийг шийдэхийн тулд одоо мөрдөж байгаа системд оруулсан. Шүүгч болоход зөвхөн шүүхийн захиргаанд ажилласан байх нь хангалттай биш. Прокурор, өмгөөлөгчөөр ажилласан байх ёстой. Гадны улс орнуудад ч ийм байдаг. Хуульчийн сургалтын кредит цагийн төлбөрийн талаар Хуульчдын нэгдсэн холбоотой ярилцана. Шүүхийн захиргааны ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллах, цалинг нэмэгдүүлэх талаар санаачилга яригдаж байгаа. Шүүгчдийн цалин баталгаажсан. Одоо шүүхийн захиргааны ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах боломжтой. Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан орон нутгийн сургалтыг шүүхийн тамгын газруудын дэмжлэгтэй зохион байгуулъя” гэлээ.

 

 

Хуралдааны төгсгөлд гишүүдийн тухайн жилд төвлөрүүлсэн татварын 20 хүртлэх хувийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр гачигдалтай гишүүдэд тусламж хэлбэрээр олгохыг олонхиороо дэмжлээ. Мөн холбооны ажлын албаны зардалд сард 200 мянган төгрөг зарцуулж байх эрхийг гишүүд олгосон юм.


Мөн холбооны дүрмийг өөрчлөх ажлын хэсэг байгуулах санал гарснаар Ээлжит бус хуралдаан дууслаа.

 

 

Дашрамд дурьдахад, "Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо” нь шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, мэргэшүүлэх, шүүхийн менежментийг боловсронгуй болгох чиг, үүрэгтэйгээр 2010 онд байгуулагдсан түүхтэй.



Б.Цэцэгдэлгэр


Бусад