Нүүр хуудас > Мэдээлэл > “Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа” сургалт боллоо

“Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа” сургалт боллоо


3-02-2017, 08:51. Зохиогч: admin

      Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс "Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа” сургалтыг энэ сарын 1-нд зохион байгууллаа. Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгжийн дарга нар, нийслэлийн дүүргүүдийн болон Дархан-Уул, Орхон, Төв аймгийн шүүхийн тамгын газрын дарга, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд оролцсон юм.

 

     Сургалтын эхэнд МУИС-ийн Нийгмийн ухааны салбарын Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Болд-Эрдэнэ "Төрийн байгууллагын PR” сэдвээр хичээл заалаа. Тэрбээр олон нийтийн санаа бодлыг хэрхэн мэдэрч, эерэгээр төлөвшүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагатай яаж харилцах, байгууллагынхаа PR-ыг ямар байдлаар хийх талаар хичээл заасан юм.

"Отгонтэнгэр” их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Х.Энхтуяа мэдээ хэрхэн бэлтгэх талаар хичээл заалаа. "Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл, мэдээ хэрхэн бичих вэ” хичээлээрээ мэдээ нь 5W1H буюу хэн, юу, хэзээ, хаана, яагаад, яаж гэсэн үндсэн асуултад хариулагдахыг зааж, жишээн дээр тайлбарлалаа.

 

     Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчидтэй хэрхэн харилцах талаар практик сургалтыг МҮОНРТ-ын "Монголын мэдээ” сувгийн сэтгүүлч, продюсер Т.Эрдэнэчимэг удирдаж явуулсан юм.

 

 

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын албаны дарга Ц.Тамир нийгмийн сүлжээг хэрхэн ашиглахыг заалаа. Нийгмийн сүлжээгээр мэдээллээ яаж түгээх, мэдээлэл авч байгаа хэрэглэгчдээ хэрхэн судлах зэрэг асуудлыг facebook, twitter зэрэг нийгмийн сүлжээний тоон баримтуудад тулгуурлаж ярьсан.

 

 

    Сургалтын төгсгөлд Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Ш.Отгонцэцэг "Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны тулгамдсан асуудал” сэдвээр мэдээлэл өгч, тамгын газрын дарга, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдтэй санал солилцлоо. Шүүхийн шинэтгэлийг олон нийтэд ойлгуулахын тулд тэдэнтэй хэрхэн харилцах, мэдээллээ яаж түгээх талаар суралцах, мэдлэгээ дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгааг сургалтад оролцогчид ярьсан. Мөн шүүх бүрт олон нийттэй харилцах мэргэжилтний орон тоо шаардлагатай, тэр тусмаа мэргэжлийн сэтгүүлч ажиллуулах саналыг Тамгын газрын дарга нар хэлж байлаа. Мөн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх сургалтанд орон нутгийн сэтгүүлчдийг оролцуулахыг хүссэн юм.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад