Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд орон нутгийг зорьлоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд орон нутгийг зорьлоо


20-03-2017, 16:44. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг орон нутаг дахь шүүхүүдэд танилцуулах ажил үргэлжилж байна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор профессор Н.Лүндэндоржоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр Хөвсгөл аймгийг зорьлоо. Тэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг танилцуулахаас гадна МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн талаар иргэд, олон нийттэй уулзаж, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, хүрсэн үр дүнг танилцуулахын зэрэгцээ иргэдийн шүүхийн шинэтгэлийн талаарх санал, хүсэлтийг сонсох юм.

 

Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан Говьсүмбэр, Дорноговь аймгийн Замын-Үүд, Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх шүүхүүдэд тус тус ажиллах бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн Хархорин, Төв аймаг дахь шүүхүүдэд ажиллахаар тус тус өнөөдөр мордлоо.

 

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн Сайхан, Дархан уул аймаг, Сэлэнгэ, Сэлэнгэ аймгийн Мандал дахь шүүхүүдэд тус тус ажиллаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг сонсох юм. Томилолтын талаарх мэдээллийг бид тухай бүрт хүргэх болно.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад