Нүүр хуудас > Мэдээлэл > Худалдааны эрх зүйн сургалт эхэллээ

Худалдааны эрх зүйн сургалт эхэллээ


11-04-2017, 12:08. Зохиогч: admin

Худалдааны эрх зүйн сургалт эхэллээ

 Худалдааны эрх зүйн сургалтын нэгдүгээр ээлж өчигдөр (2017.04.10) эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд байгуулсан "Худалдааны эрх зүйн чиглэлээр Монгол Улсын шүүгчдийг сургах хөтөлбөр II шат, Өмнөх үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн асуудлаарх харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу уг сургалтыг зохион байгуулсан аж.


 

Сургалтыг зээлдүүлэгчийн эрх, хувьцаа эзэмшигчийн эрх, өрсөлдөөний эрх зүй, дампуурлын эрх зүй, оюуны өмчийн эрх зүй, даатгалын эрх зүй, олон улсын иргэний эрх зүйн гэрээ, татварын маргаан, ашигт малтмалын эрх зүй зэрэг 9 сэдвийн хүрээнд зохион байгуулна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Монгол дахь төслийн хуулийн ахлах зөвлөх Т.Алтангэрэл сургалтыг нээж үг хэлсэн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Худалдаа болон бизнесийн маргааныг иргэний болон захиргааны журмаар шүүхэд хянан шийдвэрлэх талаарх шүүгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, худалдааны эрх зүйн орчин үеийн чиг хандлага, хууль тогтоомжийн зохицуулалт, түүний өөрчлөлт зэрэг шинэлэг мэдлэг ур чадварыг олгохоор энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна. Худалдааны эрх зүйн сургалтыг 2013, 2014 онд хоёр ээлжээр зохион байгуулж, 200 гаруй шүүгчийг хамруулсан. Ач холбогдол, үр өгөөжтэй сургалт болсон гэж шүүгчид дүгнэсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус сургалтыг үргэлжлүүлэх талаар холбогдох байгууллагад санал тавьсны дагуу бидний саналыг хүлээн авч нэгдүгээр ээлжийн сургалтаа эхлүүлж байна. Хамтран ажиллаж байгаа санхүүжүүлэгч Европын сэргээн босголт хөгжлийн банк, төслийг хэрэгжүүлэгч Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагад талархал илэрхийлье” гэлээ.

 

Худалдааны эрх зүйн сургалт эхэллээ

 

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Монгол дахь төслийн хуулийн ахлах зөвлөх Т.Алтангэрэл "Монгол Улсад өмчийн олон төрөл, хэлбэр бий болон зах зээлийн эдийн засагт шилжсэнээр эдийн засаг, аж ахуйн олон талт харилцаа бий болж улмаар түүнийг эрх зүйгээр зохицуулах шаардлага гарч байна. Энэ ч утгаараа худалдааны эрх зүйн харилцаа нь эрх зүй болон эдийн засгийн харилцан огтлолцол дээр байдаг, өвөрмөц зохицуулалтыг шаарддаг нийгмийн харилцааны нэг бүрэлдэхүүн хэсэг юм” хэмээн тус сургалтын ач холбогдлыг онцолсон юм.

Худалдааны эрх зүйн сургалт эхэллээ

"Монголын санхүүгийн зах зээлийн холбоо”-ны ерөнхийлөгч Ө.Ганзориг "Эдийн засгийн дэд бүтэц: Санхүүгийн зах” сэдвээр нээлтийн лекц уншсанаар сургалт эхэллээ. Дараа нь "Хувьцаа эзэмшигчийн эрх зүй”, "Ашигт малтмалын маргаан” сэдвийн сургалтуудаар үргэлжилсэн юм. Сургалтыг хөтөлбөрийн дагуу худалдааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн шүүхийн сургагч багш нар болох Улсын дээд шүүх, иргэн болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид, хуулийн зөвлөх, экспертүүд, МУИС-ийн ХЗС-ийн багш, эрдэмтэн судлаачид сургалтыг шинэчилсэн гарын авлага, хөтөлбөрийн дагуу удирдан явуулж байна.

Худалдааны эрх зүйн сургалт эхэллээ

Энэ удаагийн сургалтад нийт 51 шүүгч оролцож байгаа бөгөөд тус ээлжийн сургалт нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал үргэлжлэх юм.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Бусад