Нүүр хуудас > Мэдээлэл > Хуулийг хэрэгжүүлэх явцад алдаа оноо нь харагдах байх

Хуулийг хэрэгжүүлэх явцад алдаа оноо нь харагдах байх


16-06-2017, 17:46. Зохиогч: admin

Хуулийг хэрэгжүүлэх явцад алдаа оноо нь харагдах байх

 
Хууль батлах нэг хэрэг. Хэрэгжүүлэх бол хамгийн чухал хариуцлагатай ажил
 
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжих Эрүүгийн хуулийн талаар ярилцлаа.

-Нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Эрүүгийн хууль хоёр парламент дамжиж, гурван Засгийн газрын нүүр үзэж байж бэлэн боллоо. Эрүүгийн хуулийг баталснаар манай хууль, эрхзүйн салбарт шинэ түүх бичигдсэн. Ерөнхийдөө 14 хоногийн дараа Эрүү болон Зөрчлийн багц хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэрээр өргөн барьсан нь учиртай. Хуучин хуулийнх нь зарим заалтыг хэвээр хадгалж үлдэхийг зорьсон. Хэрэв шинэчилсэн найруулга хэлбэрээр өргөн барьсан бол зарим чухал заалт нь эвдэгдэж болзошгүй байлаа. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа өөрийн хөрсөн дээр буух, уламжлал, шинэчлэлийг хадгалж үлдэх зарчмыг баримталсан. Хэлэлцүүлгийн явцад улстөрч, хуульчдын зүгээс олон янзын байр суурь илэрхийлж байсан. Иргэд, хууль сахиулагчдад дөхөм болох талыг нь харж төслийг нь боловсруулсан тул хуулийг хэрэгжүүлэхэд ямар нэг бэрхшээл, хүндрэл гарахгүй байх гэж найдаж байна. Манай хуульчид шат шатандаа бэлтгэгдэж байгаа. Холбогдох сургалтуудыг зохион байгуулж байна.

-Эрүүгийн хуулийг хэрэгжүүлснээр ялын бодлогод өөрчлөлт орж байгаа юу?

-Ялын бодлогод зарчмын том өөрчлөлт оруулсан. Ялын олон сонголттой болсон. Эрүүгийн хуулийн гол зүрх бол ялын бодлого. Бид 2002 онд боловсруулсан Эрүүгийн хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн. Гэтэл ялыг хэт хашсан шинжтэй байсан. Энэ нь сонгох санкц бага, гэмт хэргийн олон үйлдэл, хохирлыг хангаж чадахгүй байна гэж үзсэн. Хорих шаардлагагүй тохиолдолд хорьсон байсан. Үндсэндээ шударга ёс алдагдаж буй нь харагдсан. Одоо бол 80 орчим хувь нь хорих ялтай. 20 хувьд нь хорих ялын санкцгүй байгаа. Манай улсад жилд дунджаар 4000 орчим хүн хоригддог. Хоёроос гурван жилийн циклийг харахаар 6000 орчим хоригдолтой болдог. Эрүүгийн хуулийг хэрэгжүүлсэн 15 жилийн хугацаанд манай улс дөрвөн удаа Өршөөлийн хууль гаргаж, хорих ангиудыг сулласан. Энэ нь нэлээд анхаарал татах үзэгдэл болж байлаа. Учир нь гурваас дөрвөн жил тутам Өршөөлийн хууль гаргадаг жишиг олон улсад ховор бий. Дүгнэж үзэхэд 2002 оны хуулийн ялын бодлого оновчтой биш байсан гэсэн үг.

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар илүү чамбай болсон гэсэн үг үү?

-Шинэчилсэн хуулиар бол сэжигтнийг юуны өмнө хорихыг урьтал болгохгүй. Хорих ял оногдуулж байгаа бусад орны туршлага, статистикийг харахаар сэжигтнийг хорьсноор давтан гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэхэд үр дүнгээ өгдөггүй юм байна. Бид гэмт хэргийн улмаас учирч буй хохирлыг барагдуулах хөшүүрэгтэй хорих ялыг уялдуулъя гэдэг зарчим баримталсан.

-Эрүүгийн шинэчилсэн хуулийн гол онцлог нь юу вэ. Иргэд нэлээд чангарсан гэж ойлгоод байгаа?

-Гол онцлог гэвэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах асуудлыг хуулийн зорилгод бичсэн. Монгол Улсын Үндсэн хуульд хохирогчийн зөрчигдсөн эрхийг эдлүүлэх үүргийг төр хариуцна гэж заасан байдаг. Энэ заалтыг Эрүүгийн хуулийн зорилго болгосон. Зөвхөн цээрлүүлэх, залхаахаас гадна хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд түлхүү анхаарч байгаа. Өнгөрсөн хугацаанд хохирогчийн зөрчигдсөн эрхийг 20 гаруй хувьтай л сэргээсэн байдаг. Таван хүн тутмын дөрөв нь хохирлоо барагдуулж чадалгүй үлддэг байсан. Мөн гэмт хэрэг үйлдэгч гэм буруутай нь тогтоогдвол хугацаа олгож байгаа. Тухайн этгээд нэгэнт ял авна. Гэхдээ ялын сонголт бий. Хэрэв хохирлоо барагдуулвал танд заавал хорих ял эдлүүлэх шаардлагагүй гэдэг сонголт олгож байгаа. Нэг ёсондоо хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял өгч байна гэсэн үг. Тэгэхээр манай хуульч, өмгөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зуун хувь барагдуулдаг байгаасай л гэж хүсэж байна.

-Эрүүгийн хуулийн сайн ба саар талаар та юу хэлэх вэ. Аливаа зүйл хоёр талтай шүү дээ?

-Мэдээж сайн, саар тал бий. Гэхдээ хуулийг сайжруулах үүрэгтэй хүмүүс нь хуульчид. Хэрэгжүүлэх явцдаа алдаа дутагдал, хийдлийг нь хамгийн сайн олж харах байх. Ялангуяа өмгөөлөгч нар энэ хуулиар үйлчлүүлэгчийнхээ эрхийг маш сайн хамгаалдаг байх ёстой. Нөгөө талаар ялын олон сонголт гарч ирсэн явдал нь шүүх эрх мэдэлд хамгийн их хариуцлага хүлээлгэж байгаа. Хэрэв ялын олон сонголтыг зөрүүтэй байдлаар ойролцоо төрлийн гэмт хэргүүд дээр ашиглаад эхэлвэл төрөөс баримталж буй ялын бодлогыг алдагдуулах эрсдэлтэй. Засгийн газар шүүх эрх мэдэлд бие даасан хараат бус байдлыг олгох үүднээс ялын сонголтод уян хатан хандсан. Шүүх энэ итгэлийг дааж ялын сонголтыг хамгийн зөв хэрэглэх ёстой.

Жишээлбэл, яг адилхан гэмт хэрэг байлаа гэхэд 200 мянган төгрөгөөр торгох, зорчих эрхийг нь нэг жилээр хязгаарлах, 1-5 жилийн хугацаагаар хорих ял олгох зэрэг заалтын аль нэгээр шийтгэнэ гэсэн үг. Гэтэл адилхан хэрэг үйлдсэн хоёр хүний нэгд нь таван жилийн хорих ял оногдуулаад, нөгөөг нь 200 мянган төгрөгөөр торговол энэ шийдвэр нийгмийн болон шүүхийн шударга ёсны байдалд итгэх итгэлийг нураах аюултай. Хууль батлах нэг хэрэг. Хэрэгжүүлэх бол хамгийн чухал хариуцлагатай ажил гэдгийг л хууль, шүүхийн байгууллагынхан ухамсарлах хэрэгтэй. Хуулийн хэрэгжилтийг эхлүүлэх хугацаа бараг тулчихлаа. Сургалт, сурталчилгаа хэрэгтэй байна. 2002 оныхоо хуулийг 15 жилийн хугацаанд ойлгоогүй, буруу хэрэглээд явж байгаа хуулийн байгууллага ч бий. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэх хугацаа чухал биш. Хуульчийн ур чадвар, мэдлэг, туршлага, хичээл зүтгэл чухал.

Ялын олон сонголт нь шүүх эрх мэдэлд их хариуцлага хүлээлгэж байгаа
-Хуулийг хөрсөн дээр хэр буулгаж хэрэгжүүлэх нь хуульч, өмгөөлөгч нарын ур чадвараас шалтгаалах асуудал болж байна. Хэрэгжүүлэх явцад алдаа дутагдал үүсэж болзошгүй гэсэн үг үү?

-Хуульч, өмгөөлөгчдөөс хуулийг хэрхэн зөв хэрэгжүүлэх нь шалтгаална. Магадгүй хэрэгжүүлэх шатанд алдаа дутагдал үүсэж болзошгүй. Хуулиа ойлгож хэрэгжүүлэхэд ихээхэн хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Эрүүгийн хуультай уялдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нэлээд шинэлэг зохицуулалттай болсон. Олон нийтийн зүгээс яасан жонхуу шиг хууль бичдэгийн. Ямар олон зарчмын зөрүүтэй саналын томъёолол гардаг юм бэ гэж харсан байж магадгүй. Ийм шүүлтүүр хийж байж харьцангуй боломжийн хууль болсон гэж үзэж байгаа. Мэдээж хэрэгжүүлээд эхлэхээр алдаа оноо нь гарч ирэх байх. Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хуульд 13 удаа өөрчлөлт оруулсан байдаг. Энэ өөрчлөлт бүр цаанаа хэрэгцээтэй байсан. Английн хуулийн зарим элементийг оруулсан, энэ нь манай нөхцөл байдалтай зөрчилдөхгүй гэж үзэж байгаа. Энэ хуулиар ял шийтгэлийн бодлого нэлээд чангарсан. Хүүхдээ албаны машинаар цэцэрлэгт нь хүргэх хүртэл гэмт хэрэг болно гэж ойлгох хэрэгтэй.
 
Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

Бусад