Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар уулзалт хийв

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар уулзалт хийв


20-06-2017, 09:21. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай өнөөдөр (2017.06.19) уулзаж шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар ярилцлаа. Уулзалтад Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох, Нийтийн хэв журам хамгаалах газрын, Хамгаалалтын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Ууганбаяр нар оролцсон юм.


    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж энэхүү уулзалтын зорилгыг "Монголын шүүх үүд хаалгаа тэтгэврийн хөгшдөөр хамгаалуулж байсан үе бий. Харин Тахарын алба байгуулагдаж шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалдаг болсон нь шүүхийн шинэтгэлийн том ололт. Дараа нь цагдаагийн байгууллага энэ үүргийг хүлээж авлаа. Энэ ололтыг бататгах, бэхжүүлэх, алдаа эндэл гарвал даруй засч залруулах шаардлагатай учраас та бүхэнтэй уулзаж байна” гэж тодорхойлсон.

    Тахарын алба татан буугдаж шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцаж эхэлсэний дараа 39 шүүхийн тамгын газарт мониторинг хийсэн. Уг судалгаанаас Цагдаагийн байгууллагад шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах үүргийг шилжүүлснээр ажил суларсан, дэг сахиулагчийн орон тоо, техник хангамж дутагдалтай болсон, цагдаагийн алба хаагчдын харилцаа хандлага доголдолтой байгаа гэдэг дүгнэлт гарсан. Эдгээр асуудал одоо ч байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга санууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүй, дотоод хэргийн сайдад дээрх асуудлаар албан тоот явуулсанд судалж байгаа тухай хариу ирсэн талаар мөн мэдээлэл өгсөн юм. Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүссэн хэрэг гарсны дараа буюу 2017.03.17-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад зургаан санал бүхий албан тоот хүргүүлсний хувийг Цагдаагийн ерөнхий газрын даргад илгээсэн. Шүүх хуралдааны танхим бүрт дэг сахиулагч ажиллуулах, эмэгтэй шүүгдэгчийн биед үзлэг хийх, түр саатуулах байранд харгалзах эмэгтэй албан хаагчийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тавьсан. Өнөөг хүртэл асуудал шийдэгдээгүй байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга сануулсан юм.


    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтран гаргасан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтэд анхаарал хандуулах ёстой. Тухайлбал, Хуяглан хүргэх асуудалд журам гаргах шаардлага байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа ярилаа.


    Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад гарч буй асуудлыг шийдэхээр ажиллаж байгаагаа дуулгаад, орон тоог нэмэгдүүлэх асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад удаа дараа хандаж, санал хүсэлт хүргүүлсэн талаар мэдээллээ. Шүүх бүрт түр саатуулах байрны стандартыг хангуулах, түр саатуулах байргүй шүүхэд өрөө байгуулах, камерын бүрэн бүтэн байдлыг хангахад анхаарч дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм.

    Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж цагдаагийн албан хаагчдын харилцаа хандлагыг сайжруулах, дотоод хяналт шалгалтыг өндөрсгөх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа мэдээллэж, эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаагаа ярилаа.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тал дээр хамтран ажиллаж, цаашид уулзалтыг тогтмол хийж байх тал дээр хоёр тал харилцан тохирлоо.

    Уулзалтад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа И.Даваажамьян, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Батзориг нар байлцлаа.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад