Нүүр хуудас > Мэдээлэл > “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо


15-09-2017, 11:05. Зохиогч: admin


"Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (20176.09.14) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа, Улсын Дээд шүүхийн шүүгчид, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, эрдэмтэн судлаачид, шүүхийн захиргааны ажилтнуу оролцсон юм. Мөн 21 аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд онлайнаар хэлэлцүүлэгт оролцсон. Хэлэлцүүлэг шүүхийн тогтолцоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, шүүгчийн томилгоо, шүүгчээр томилогдох насны хязгаар болон бусад асуудлын хүрээнд өрнөлөө.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Мэргэшсэн хуульчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой. Үүнээс өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүх шүүхээр хэлэлцүүлсэн. Шүүх эрх мэдэлтэй холбоотой дөрвөн асуудлаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас мөн санал асуулга авахад 700 гаруй хүн саналаа ирүүлсэн. Энэ саналыг нэгтгэж УИХ-д хүргүүлнэ” гэж тодотголоо. Мөн тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 24 зүйлд нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Дөрвөн зүйл нь шинээр орж байгаа нь хяналтын эрх мэдэл, төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгохтой холбоотой. Үндсэн хуулийг судалдаг эрдэмтний хувьд дээрх 20 нэмэлт, өөрчлөлтийн 17-г зайлшгүй хийх ёстой гэж харж байгаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах санал орж байгаа нь буруу юм. Энд, нийт ард түмнээс мандат авч сонгогдсон ганц хүн хууль санаачлахгүй бол хэн санаачлах вэ гэдэг асуудал яригдана. Мөн Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтын алдааг нэмэлт, өөрчлөлтөөр засахгүй байгаа нь харамсалтай. Энэ заалтын алдаа, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр Монгол Улсын шүүхийн тогтолцоог хэдэн удаа бужигнуулсан, шүүн таслах үйл ажиллагааны үр нөлөө, бүтээмжийг бууруулсан. Одоогийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ алдааг засахгүй бол Монгол Улсын шүүхийн тогтолцоо хэзээ ч цэгцрэхгүй. Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар томилох Үндсэн хуулийн заалтыг өргөжүүлж УИХ-ын санал хураалтаар томилох тухай өөрчлөлт төсөлд орж байгаа. Энэ бол буруу зохицуулалт. Дэлхий дахинд ийм тогтолцоог шүүмжилж байхад бид давтах гэж байгаа нь харамсалтай” гэлээ.

  

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх, доктор П.Амаржаргал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа. 

 

Үүний дараа хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан "Шүүх эрх мэдэл”-ийн хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон улсын туршлага сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Улсын Дээд шүүхийн шүүгчийн томилгоог УИХ руу шилжүүлж болохгүй, Ерөнхийлөгч шүүгчийг 72 цагийн дотор батламжлах асуудлыг эргэн харах нь зүйтэйг тэрбээр илтгэлдээ олон улсын туршлагатай уялдуулан тайлбарлалаа. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 11 гишүүнтэй болговол шүүхийн төлөөлөл зургаагаас илүүгүй байх, шүүхийн бус төлөөлөл дарга байх талаар ярьсан юм. 

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцүүлэх явцад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын гаргасан саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан танилцууллаа. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтад "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэл, хотын шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх” тухай заалт зөрчилтэйг онцлоод нийслэл, аймаг, аймаг дундын шүүх, хот, сум буюу сум дундын, дүүрэг буюу дүүрэг дундын гэдэг байдлаар тойргийн систем рүү орох боломжийг бүрдүүлэх саналыг гаргажээ. Мөн Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дэх хэсэгт "Шүүгчийг томилохоор УИХ-д танилцуулж дэмжсэнийг... Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтын "УИХ-д оруулж дэмжсэнийг...” гэснийг хасах саналаа илэрхийлсэн байна. Харин Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг гурван жилийн хугацаатай, нэг удаа улируулан сонгох гэдэг саналыг цөөнгүй хүн илэрхийлснийг танилцууллаа.


Шүүгчээр томилогдох насны тухайд 40 нас хүрсэн иргэнийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр, 30 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн байна. Ингэхдээ Улсын Дээд шүүхийн шүүгч болоход 45, бусад шүүхийн шүүгч болоход 35 нас гэсэн босго тогтоох санал гаргажээ. Мөн мэргэжлээрээ ажилласан жилийг нэмэгдүүлэх саналыг гаргажээ. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 11 болгож нэмэгдүүлэх нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлэхдээ орон тооны болон орон тооны бус гэж зааглаж өгөх нь зүйтэй гэжээ.

  

Үүнээс гадна шүүхийн төсөв, шүүгчийн цалин, эдийн засгийн баталгааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах саналыг гаргажээ.

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх явцад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын гаргасан саналыг танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцогчид саналаа илэрхийллээ. 

 

Тухайлбал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь "Үндсэн хуульд шүүхийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалт гэдэг хоёр асуудлыг нэгтгэчихсэн. Шүүх нь анхан, давж заалдах, хяналтын шат гэсэн тогтолцоотой. Гэтэл аймаг, нийслэлийн шүүх, сум, сум дундын шүүх гээд зохион байгуулалтын асуудлыг хольчихсон. Энэ асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зайлшгүй хөндөх ёстой. 

 

Шүүхийн төсвийн асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бататгаж өгөхийг хүсч байна. Улсын төсвийн тэдэн хувь нь шүүхийн төсөв байна гэдэг заалтаар шүүхийн эдийн засгийн баталгааг шийдэх боломж бий. 

 

Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-аар зөвшилцөж томилох нь шүүхийн хараат бус байдлын баталгааг алдагдуулна” гэсэн юм. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд шүүх эрх мэдлийн тухайд "Шүүхийн тогтолцоог анхан шат, давж заалдах, хяналтын шат гэдэг байдлаар заах нь боломжтой. Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ томилох нь сөрөг үр дагавар үүсгэх учраас "УИХ-д танилцуулснаар” гэдэг байдлаар үлдээх нь зөв” гээд "Шүүхийн эдийн засгийн баталгааг төр хангана” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстойг санууллаа. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун мөн шүүхийн тогтолцоог анхан шат, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх гэсэн байдлаар заах нь зөв гэдэг саналыг гаргалаа. Үүнээс гадна анхан шатны шүүгчээр томилогдох насны хязгаар 35, давж заалдах шатны шүүгчээр томилох насны хязгаар 40, Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдох насыг 45 болгож ажилласан жилийг 10, 15, 20 болгож уялдуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Мөн Улсын Дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуульд заах саналаа хэлсэн юм.  



Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар шүүгчийг ард түмнээс сонгодог болох санал гаргалаа. 

  

Мөн судлаач О.Мөнхсайхан шүүхийн иргэдийн төлөөлөгчийг үүргийг Үндсэн хуулиар тодорхой болгох ёстойг олон улсын туршлагатай уялдуулан тайлбарласан юм. 

 

Хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан санал, үр дүнг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан төгсгөлд нь дүгнэж танилцууллаа. 


 

Хэлэлцүүлэгт оролцогчид


1. Шүүхийн тогтолцоог анхан шат, давж заалдах шат, хяналтын шат гэсэн зохицуулалттай байх, Улсын Дээд шүүхийн чиг үүргийг тодорхой болгох


2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог нэмэх


3. Шүүгчийн томилгооны тухайд шүүгч туршилтаар ажиллах хугацаа тогтоох, насны хязгаар, ажлын туршлагыг нэмэгдүүлэх, Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-ын дэмжсэнээр томилох зохицуулалтыг хасах, Улсын Дээд шүүхийн шүүгчийн тоог Үндсэн хуулиар тогтоох,


4. Шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг Үндсэн хуулиар тодорхой болгох


5. Шүүхийн хууль тайлбарлах асуудлыг тодорхой болгох


6. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн үүргийг Үндсэн хуулиар тодорхой болгох. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр дамжуулж шүүхэд иргэдийн хяналтыг оруулах зэрэг санал гаргасныг танилцууллаа. 

 

Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсэгт танилцуулахаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга илэрхийлэв. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэгт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг идэвхитэй оролцуулахыг уриаллаа.

  

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар хэлэлцүүлэгт саналаа илэрхийлсэн шүүгч, судлаачдын саналыг хуулийн төслийн ажлын хэсэгт танилцуулах, дараа дараагийн хэлэлцүүлэгт тусгахаа илэрхийлэв. 

 

Б.Цэцэгдэлгэр

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад