Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн шилдэг тамгын газрын дарга нар ярьж байна

Шүүхийн шилдэг тамгын газрын дарга нар ярьж байна


25-12-2017, 16:24. Зохиогч: admin

Энэ оны ажлын үнэлгээгээр Монгол Улсын нийт шүүхийн тамгын газруудаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар "Нэгдүгээр байр”, Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар "Хоёрдугаар байр”, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар "Гуравдугаар байр” эзэлсэн билээ. Шүүхийн шилдэг тамгын газрын дарга нарын сэтгэгдлийг хүргэе. 

 

Д.Болор: Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг дор төвлөрүүллээ


Шилдэг шүүхийн тамгын газраар шалгарсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Болор "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг "Шүүхийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласан. Манай шүүхийн хувьд Улсын хэмжээнд хамгийн ачаалалтай ажилладаг. Тэр утгаараа шүүхийн үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллалаа. Иргэдэд үйлчлэх орон зайгаа томруулж, гурван шүүхийн байранд "Иргэдэд үйлчлэх төв” байгуулсан. Мөн үйлчилгээний соёлыг төлөвшүүлж, сайжруулах тал дээр шүүхийн захиргааны ажилтнуудтайгаа хамтран маш их ажлыг зохион байгуулсан. Үүнээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг дор, анх удаа төвлөрүүллээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэмжээнд гэр бүлийн маргааныг тусгайлан шийддэг байр тохижуулсан. Мөн тэндээ шүүгчид маань гэр бүлийн маргааныг дагнаж шийддэг болсон.

 

Шүүх, шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хангахад ч чамгүй ажил зохион байгуулсан. Ирэх жил хэргийн хөдөлгөөний удирдлагыг манлайлах чиглэлээр ажиллах үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өглөө. Улсын хэмжээнд ачаалалтай ажилладаг шүүхийн хувьд хэргийн хөдөлгөөнд анхаарч ажиллана. Ингэснээр шүүх хуралдаан хойшилдог, иргэдэд хүндрэл учирдаг асуудал багасах юм” гэлээ.

 

Б.Бээжин: Шүүхийн захиргааны ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарна

 

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Бээжин "Дорноговь аймгийн шүүхийн тамгын газрын даргаар томилогдоод хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шүүхийнхээ үйл ажиллагааг сайжруулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллаж шилдэг шүүхийн тамгын газраар шалгарлаа. Энэ оны онцлох ажлаасаа тоймлоход, Монгол Улсын нийт шүүхийн тамгын газрын дарга нарыг урьж "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт зохион байгууллаа. Мөн осол гамшгийн үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалахаар талаар улсын хэмжээнд үзүүлэх сургалт хийлээ. Мөн шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг, ур чадвар, харилцаа хандлага, ёс зүйг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллалаа. Мөн шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, тохилог орчинд хүргэхийн тулд байрандаа том засвар хийж, "Шүүхийн үйлчилгээний төв” байгуулсан


Дорноговь аймгийн дөрвөн шүүхэд 12 шүүгч ажилладаг. Орон нутгийн хувьд хэргийн ачаалал өндөртэйд тооцогддог. Гэсэн хэдий ч тулгамдаж байгаа асуудал бага байна. Цаашид шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Мөн шүүхийн үйлчилгээг сайжруулахад энэ онд хийсэн ажлаа ирэх жил төгөлдөржүүлж ажиллана” гэв.  

 

Б.Бат-Амгалан: Шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн

 

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Б.Бат-Амгалан "Шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилгын хүрээнд Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх "Иргэдэд үйлчлэх шинэ стандарт”-ыг нэвтрүүлж, тав тухтай үйлчлүүлэх орон зайг бий болголоо. Орон нутгийн шүүхүүдтэй харьцуулахад Дархан-Уул аймгийн шүүх ачаалал өндөртэй. Тэр утгаараа шүүх хуралдааны танхим хүрэлцдэггүй байсан. Тиймээс дотоод нөөц бололцоогоо ашиглан шүүх хуралдааны шинэ танхим тохижуулсан. Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хялбаршуулсан журмаар хийх шүүх хуралдааны тоо огцом өссөн. Шүүх хуралдааны танхим нэмсэний үр дүнд шүүх хуралдаан давхцах, байрны асуудлаас болж хойшлох бэрхшээл багассан.

 

Манай аймийн иргэдийн шүүхийн үйл ажиллагаанд тавих хяналт ч их. Судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл өссөн үзүүлэлттэй гарсан нь бидэнд тавьж буй дүн болов уу. Цаашид ч иргэдийн итгэлийг даасан шүүх байх тал дээр анхаарч ажиллана” гэлээ.


 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Бусад