Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны тайланг хэлэлцэв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны тайланг хэлэлцэв


8-01-2018, 15:52. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны тайланг хэлэлцэв


Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдэд Ажлын алба 2017 онд хийсэн ажлын тайлангаа өнгөрсөн баасан гаригт (2018.01.05)-т танилцууллаа. Тайлангийн хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ажлын албаны нийт нэгжүүд оролцож өнгөрсөн оны тайлан, 2018 оны төлөвлөгөөгөө хэлэлцэв.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Ажлын алба 2017 онд 9 зорилт тавьж, нийт 227 чиглэлийн ажил төлөвлөсний 80.3 хувийг нь биелүүлж ажиллалаа” хэмээн онцлоод, шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, хэргийн хөдөлгөөний удирдлагыг сайжруулах, шүүхийн хараат бус, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлуудаа товч танилцуулсан юм.


Нэгжийн дарга нар газар, хэлтсийнхээ 2017 онд хийсэн онцлох ажлыг танилцуулсаны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж саналаа хэллээ. Тэрбээр "Тухайн жилд хийсэн ажлаа дүгнэх нь ирэх жилийн өнгийг харуулдаг” гээд шүүхийн үйлчилгээний соёлыг бүрдүүлсэн, хэргийн хөдөлгөөний удирдлагыг сайжруулах чиглэлээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын хэрэгжилтэд иж бүрэн мониторинг хийж, зөвлөмж хүргүүлсэн, "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааг орон даяар авч, дүн шинжилгээ хийсэн нь 2017 оны онцлох ажил гэж тодотгов.

 

Мөн Шүүхийн мэргэшлийн хороо, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Мэдээлэл технологийн хэлтэст "ажил нь тогтсон”, Шүүхийн төрөлжсөн архивт "эхлэл сайн”, бусад нэгжүүдэд "хүлээлттэй” гэдэг тус тусын үнэлгээг өгч байгаагаа тайлбарласан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны тайланг хэлэлцэв 

Хэлэлцүүлгийн төгсгөлд 2018 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба дотоод сургалтаар ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, иргэдээс авсан санал асуулгын судалгааны дүнд тулгуурлаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан стратегийн хөтөлбөрүүдтэй уялдуулж ажлаа төлөвлөх чиглэл өглөө.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад