Нүүр хуудас > Мэдээлэл > Ерөнхий шүүгчдийг хүлээн авч уулзав

Ерөнхий шүүгчдийг хүлээн авч уулзав


5-02-2018, 11:53. Зохиогч: admin

Ерөнхий шүүгчдийг хүлээн авч уулзав

                     
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчдийг өнөөдөр (2018.02.02) хүлээн авч уулзлаа. Уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ажлын албаны нэгжийн дарга нар оролцов.
Ерөнхий шүүгчдийг хүлээн авч уулзав
Шүүхийн ерөнхий зөвлөлийн өнгөрсөн оны онцлох ажил, энэ жилийн зорилтын талаар мэдээлэл сонссоны дараа Ерөнхий шүүгчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн талаар санал, хүсэлтээ илэрхийлж, хэлэлцсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж 2017 онд хийсэн онцлох ажлын талаар Ерөнхий шүүгчдэд мэдээлэл өгөхдөө "Шүүхийн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, үйлчилгээний байгууллага болгох зорилтоо дэд бүтцийн шинэчлэлээс эхэлсэн. Иргэдэд үйлчилдэг орон зайгаа нэмэгдүүлэх үүднээс нийт шүүхийн 78 хувьд нь "Шүүхийн үйлчилгээний төв” байгууллаа.

Шүүхийн байрнаас гадна үйл ажиллагааны мөн чанарт өөрчлөлт орсон. "Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллагаас 20 аймгийн шүүхэд хараат бус, бие даасан ажиглалт хийгээд шүүгч, ажилтны харилцаа хандлага 97 хувь, шүүхийн байр, шүүх хуралдааны тоног төхөөрөмж, тохь тух 100 хувь байна гэж дүгнэсэн. Хөндлөнгийн ажиглагч, нийгэм ингэж дүгнэж байгаа ч бидэнд хийх, хэрэгжүүлэх ажил их байгаа.

Хэрэг хуваарилах журмын мониторинг хийж, шүүхүүдэд зөвлөмж хүргүүллээ. Эрүүгийн хэргийн нэгдсэн систем нэвтрүүлснээр эрүү, иргэн, захиргааны хэргийг удирддаг иж бүрэн программтай болсон. ХБНГУ-ын ажиглагчид энэ программыг дэлхийн түвшнийх гэж нэрлэсэн. Гэхдээ шинэчлэл, баяжуулалтыг байнга хийх болно.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд "Шүүх хуралдааны ногоон танхим” байгуулсан нь тэмүүллийн ач холбогдолтой.

Монгол Улсын шүүхийн тамгын газруудаар дамжуулж "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааг орон даяар авч эхэллээ. Энэ судалгаа иргэд, олон нийтийг мэдэрч, бодлого тодорхойлох зорилготой. 2017 оны судалгаанд оролцсон иргэдийн 63.1 хувь нь шүүхэд итгэдэг гэж үзсэн байна” гэлээ.

Харин 2018 онд шүүхийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, хэргийн хөдөлгөөний удирдлагыг шинэ шатанд гаргах зэрэг гол зорилт тавьж байгаагаа танилцуулсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга "Хэргийн хөдөлгөөний удирдлагыг шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулж, мэдээллийн нэгдсэн баазтай болно. Ерөнхий шүүгч, шүүхийн тамгын газрын даргын хамтын ажиллагааг сайжруулна. Шүүгчийн хараат бус байдлын эрх зүйн орчны үнэлгээг хийж, урьдчилан сэргийлэх аргачлалтай болно” гээд шүүхийн шийдвэрийн биелэлтэд анхаарч ажиллахыг Ерөнхий шүүгчдээс хүссэн юм.

Үүний дараа Ерөнхий шүүгчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн талаар саналаа хэллээ.

Үндсэн хуулиар шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг баталгаажуулах, дагнасан шүүхийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой зааж өгөх шаардлагатай байгааг Ерөнхий шүүгчид онцолж байлаа. Мөн Шүүхийн тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрийдлээр шүүхийн шинэтгэлийг сааруулахвий гэсэн болгоомжлол байгааг ч илэрхийллээ. Уулзалт, хэлэлцүүлгийн дараа Ерөнхий шүүгчид "Шүүх хуралдааны ногоон танхим”-тай танилцав.
Ерөнхий шүүгчдийг хүлээн авч уулзав
 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Бусад