Нүүр хуудас > Мэдээлэл > “Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг боллоо

“Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг боллоо


13-02-2015, 09:58. Зохиогч: admin



Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр "Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийнгишүүн Б.Сарантуяа, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг болон ажлын албаны ажилтнууд, Нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын дарга, Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Нотариатчдын танхим, Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон орон нутгийн шүүхүүд онлайнаар оролцлоо.


Хэлэлцүүлгийг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан үг хэлж, "Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлын шинэтгэл” сэдвээр илтгэл тавьсан юм. Шүүхийн хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах референт Б.Пүрэвдагва "Шүүхийн хүний нөөцийн шинэтгэлийн нээлттэй байдал”, Шүүхийн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг "Нээлттэй шүүх-цахимжилт”, Шүүхийн Захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаяр "Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа" зэрэг сэдвүүдээр тус тус мэдээлэл хийлээ. "Нээлттэй шүүх” танхимын үйл ажиллагааны талаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх, "Шүүхийн шийдвэрийн судалгаа" сэдвээр Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн мэдээлэв.


Энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог нь "Нээлттэй шүүх” байгуулах асуудлаар хөндлөнгийн байгууллага хуульч, өмгөөлөгч нарын санал шүүмжлэлийг сонсоход чиглэгдсэн бөгөөд хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг нар оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч Д.Батсүх "Шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаанд Хуульчдын холбоо оролцох нь” сэдвээр мэдээллээ.


"Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг нь шүүхийн шинэтгэл, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлын талаар мэргэжлийн төрийн бус байгууллагуудын байр суурь, санал зөвлөмжийг сонсоход чиглэгдсэн юм. Хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч Д.Батсүх "Шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаанд Хуульчдын холбоо оролцох нь”, Харин Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар "Шүүхийн нээлттэй үйл ажиллагаанд өмгөөлөгчдийн оролцоо”, Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч А.Оюунчимэг "Иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд нотариатчдын оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм. "Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг нь шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахад чиглэсэн ажил, үр дүн, анхаарах асуудлын талаар амжилттай хэлэлцсэн бөгөөд энэ чиглэлээр төрийн бус байгууллагуудтай цаашид хамтран ажиллах хэрэгцээ, шаардлагын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. "Нээлттэй шүүх” хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэх болно.








 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад