Нүүр хуудас > Мэдээлэл > “Шүүхийн сэтгэл судлал” сургалт боллоо

“Шүүхийн сэтгэл судлал” сургалт боллоо


16-04-2018, 11:59. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор 2016 оноос "Шүүхийн сэтгэл судлал” сургалтын хөтөлбөр хэрэгжээд 3 дахь жилдээ сургалт явагдаж байгаа билээ.

Энэ жилийн "Шүүхийн сэтгэл судлал” сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд зохион байгуулсан бөгөөд уг сургалтын гол зорилго нь сэтгэл судлалын мэдлэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа хэрэглэх арга зүйд суралцах, стрессийг даван туулах эерэг аргуудыг эзэмших, шууд бус ялгаварлал, давуу тал өгөх зэрэг сэтгэл зүйн шинж тэмдгүүдийг танин мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх чадвар суралцах, харилцаа мэдрэмжээ сайжруулахад оршсон юм.


 

Сургалтыг МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхмийн багш, профессор Б.Туяа "Зан төлөвийн үндсэн хэв шинжүүд, түүний онцлогийг харгалзан харилцах нь”, "Стресс, хувийн онцлогтой холбоотой стресс, ажлын байрны стрессийг даван туулах нь” сэдвээр, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболд "Шүүхийн сэтгэл судлал, онцлог, судалгааны хүрээ, Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны сэтгэл зүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлдөг сэтгэл зүйн онцлогууд, гэрч хохирогчийн сэтгэл зүй” сэдвээр мэдээлэл өгч, шүүгчдийг сэтгэл зүйн тестээр сорьсон бол НҮБ-ын Хүн амын сангийн арга зүйч, сэтгэл зүйч Д.Өлзийсайхан "Харилцааны сэтгэл зүй, та сэтгэл зүйчид яагаад хандах хэрэгтэй бэ” сэдвээр дасгал ажил хийлгэж, харилцан ярилцуулж өвөрмөц хэлбэрээр сургалтыг удирдан явууллаа.

 

Сургалтад оролцогчид "энэхүү сургалт нь хэргийн оролцогчтой харилцах харилцааны арга болон ажлаас шалтгаалсан стрессийг даван туулах арга замд суралцсан маш их эрэлттэй сургалт тул бүх шүүгчдийг ээлж дараагаар нь хамруулах шаардлагатай, сургалтаас хүлээж байсан үр дүнгээ бүрэн авсан, үр өгөөжтэй сургалт боллоо” хэмээн сэтгэл хангалуун байснаа онцолж байв.

 

Тус сургалтад нийслэл болон орон нутаг дахь давж заалдах, анхан шатны шүүхийн нийт 35 шүүгч хамрагдлаа.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Бусад