Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сангийн нээлт боллоо

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сангийн нээлт боллоо


18-06-2018, 01:04. Зохиогч: admin

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сангийн нээлт боллоо

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сангийн нээлтийн үйл ажиллагаа (2018.06.15) боллоо. Мөн шүүх болон хууль сахиулах байгууллагуудаар үйлчлүүлж байгаа иргэдэд зориулсан "E-JUSTICE.MN” сайтыг ажиллуулж эхэлжээ.

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2015 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн "Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн цахим нэгдсэн сүлжээ бүрдүүлэх тухай” 23 дугаар тогтоолыг үндэслэн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд мэдээлэл солилцох, статистик мэдээ гаргах нэгдсэн сантай болсон юм. Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, УЕПГ, ЦЕГ, ШШГЕГ-ын мэдээлэл, технологийн мэргэжилтнүүд цахим мэдээллийн нэгдсэн санг байгуулсныг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан онцолсон юм.

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сангийн нээлт боллоо 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж мэдээллийн нэгдсэн сангийн талаар "Шүүх, хуулийн байгууллага үйлчилгээгээ хүртээмж, бүтээмж, үр нөлөө, хариуцлагатай хэрэгжүүлж байна гэдгээр үйл ажиллагаагаа хэмждэг болсон. Цахим мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад оруулснаараа иргэдэд үйлчлэх үйлчилгээнд том алхам болж байна. Шүүх, хуулийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэн мэдээлэл авах, хянах, үйл ажиллагаанд оролцох боломжтой болж байгаагаараа мэдээллийн нэгдсэн сан, түүнийг дагалдах портал сайт ач холбогдолтой” гэлээ. Шүүх эрх мэдлийн салбарт цахим үйлчилгээг хэрэгжүүлж хэвшсэн талаар тэрбээр "Шүүхийн цахим програм ХБНГУ-аас илүү байгааг Хууль зүйн сайдаар ажиллаж байсан эмэгтэй Монголд айлчлах үеэрээ мэдэгдсэн” гээд ХБНГУ-аас албан тушаалтнууд ирж Монголын шүүхээс туршлага судлах гэж байгааг мэдээлсэн юм.

 

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санд шүүх эрүүгийн хэрэг хүлээн авсан, шийдвэрлэсэн байдлыг шийдвэрийн төрөл, гэмт хэргийн төрлөөр байршжээ. Мөн төрийн санд оруулсан орлого, ял шийтгэл, таслан сэргийлэх арга хэмжээний санал, шийдвэрлэлт, зөрчил хүлээн авсан, шийдвэрлэсэн байдал зэрэг шүүхийн мэдээлэл байгааг Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн багийн зохицуулагч Д.Соёл-Эрдэнэ танилцууллаа.

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сангийн нээлт боллоо 

"E-JUSTICE.MN” сайт нь шүүх, хуулийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санд буй мэдээллээс олон нийт болон иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хамаарах хууль тогтоомжоор хориглоогүй мэдээллийг өгөх зорилготой. Иргэний портал сайт нь иргэд олон нийтэд гэмт хэргийн статистикийн үнэн бодитой мэдээлэл өгөх, хуулийн байгууллагуудын ил тод байдал болон хүний эрхийг хангахад чухал ач холбогдолтой. Портал сайт нь шүүх, хуулийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сангийн дэд хэсэг байх юм.

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан, "E-JUSTICE.MN” сайтын нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав,ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Гласс, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн төслийн удирдагч Л.Заяа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа нар оролцлоо.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад