Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа


26-06-2018, 01:40. Зохиогч: admin


Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.21) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм.

Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Энэ дагууХууль зүйн байнгын хороо 2018 оны 06 өчигдрийн хуралдаанаараа дээрх хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Иймээс эхлээд Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь дэмжив. Харин хууль, тогтоомжийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 73.9-82.6 хувь нь дэмжсэнээр Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд батлагдлаа.

Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар нийслэлийнБагахангай дүүрэгт Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хоёр шүүх шинээр байгуулах, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг өөрчлөн байгуулахаар болж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Эх сурвалж: www.parliament.mn

Бусад