Нүүр хуудас > Мэдээлэл > Х.Билгүнзаяа: Шүүх хэн нэгний талд орж хуралдааныг хойшлуулах боломж байхгүй

Х.Билгүнзаяа: Шүүх хэн нэгний талд орж хуралдааныг хойшлуулах боломж байхгүй


7-09-2018, 04:48. Зохиогч: admin

-Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэх тохиолдолд харин ч хардлага үүсэх, хууль зөрчих үндэслэл болдог-

Х.Билгүнзаяа: Шүүх хэн нэгний талд орж хуралдааныг хойшлуулах боломж байхгүй

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Билгүнзаяатай ярилцлаа.

    -Ноён уулын маргаантай холбоотой хэрэг 39 дэх удаагаа хойшилж байна. Шүүх хурал ямар шалтгаанаар ийм олон удаа хойшлоод байна вэ?

    -Энэ хэрэг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа.

Хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Шүүхээс мөн хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг хангах үүрэгтэй. Ийм хуультай. Үүний дагуу хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд тодорхой хүсэлтүүдийг гаргаж шүүх тухай бүр нь шийдвэрлэж ирсэн. Тэд шүүх хүлээж авахаас өөр аргагүй хүсэлтийг гаргахаа бас сайн мэддэг. Энэ нь шүүх хуралдаан олон дахин хойшлох үндэслэл шалтгаан болсон байна.

    -Засгийн газрын талд орж шүүх хуралдааныг олон хойшлуулсан гээд байгаа. Оролцогчдын хэн нь хамгийн олон хүсэлт тавьж, шүүх хүлээж авсан юм бэ?

    -Шүүхээс аль нэгний талд орж, үзэмжээр хуралдааныг хойшлуулах боломж байхгүй.

Хэргийн оролцогчдын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах талаар гаргасан хүсэлтийг ангилж үзвэл нэхэмжлэгч буюу "Ноён уулаа аврах хөдөлгөөн” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын зүгээс 7, хариуцагчийн зүгээс 11, гуравдагч этгээдийн зүгээс нийт 14 удаа хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд бусад үндэслэлээр 7 удаа хойшилсон байна. Дээрх хүсэлтүүдийг шүүхээс тухай бүр нь хүлээн авч хэргийн оролцогчдын эрхийг хангаж шийдвэрлэсэн байна.

    Хүсэлтүүдийн агуулгыг судалж үзвэл хэргийн оролцогчдын зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргуулах зэрэг хүсэлтүүд давхардсан тоогоор гарсан байна.

    -Та шүүх хэн нэгний талд орж хуралдааныг хойшлуулах боломж байхгүй гэлээ. Гэхдээ хэргийг шийдэлгүй 39 удаа хойшилж байгаагаар нь шүүхэд ямар нэг ашиг сонирхол байна гэж хардаад байна шүү дээ?

    -Хардах эрх хүн бүхэнд бий. Гэхдээ ямар үндэслэл, нотолгоогоор вэ гэдэг нь чухал. Уг хэргийн шүүх хуралдаан олон хойшилсон шалтгаан нь тухайн хэргийн оролцогчдын зүгээс олон дахин хүсэлт гаргасантай холбоотой.

Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэх тохиолдолд харин ч хардлага үүсэх, улмаар хууль зөрчих, шийдвэр дараагийн шатанд унах хууль зүйн үндэслэл болдог.

Х.Билгүнзаяа: Шүүх хэн нэгний талд орж хуралдааныг хойшлуулах боломж байхгүй

    -Ер нь оролцогчид хүсэлт тавиад л байвал шүүх хуралдаан хойшлоод байж болох уу. "Ноён уул”-ын шүүх хурал шиг ингэж олон удаа хойшилж байсан хэрэг байдаг уу. Хуралдааныг олон удаа хойшлуулаад байгаа шүүгчийг хууль зөрчсөн үндэслэлээр шалгуулна гэдгийг зарим оролцогч хэлж байгаа.

    -Шүүх хуралдаан хуульд заасан үндэслэл журмын дагуу хэдэн ч удаа хойшилж болно. Хуульд шүүх хурал дээд тал нь тэдэн удаа доод тал нь тэдэн удаа хойшилж болно болохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Хамгийн гол нь хуульд заасан үндэслэл байх ёстой.

Миний харж байгаагаар "Ноён уул”-тай холбоотой маргаан нь өөрөө маргааны үйл баримт их учраас нотлох баримт цуглуулах, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа их байгаа байх. Мөн хэргийн оролцогчийн тоо их байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт их гарч энэ тоогоор шүүх хурал хойшлох шалтгаан болж байна.

    Шүүгчийг шалгуулж болно. Гэхдээ шүүгч хууль зөрчиж шүүх хуралдаан хойшлуулдаг тохиолдол бидний ард үлдсэн шүү.

    -Өмнө нь ингэж олон удаа шүүх хуралдаан хойшилж байсан тохиолдол байгаа юу?

    -Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн ээдрээ төвөгтэй байдал болон хэргийн оролцогчийн тоо олон байх зэрэг нөхцөл байдлаас болж шүүх хуралдаан олон дахин хойшлох тохиолдол гардаг. Зарим хэргийн хувьд шүүх хуралдаан үүнээс ч олон хойшилсон тохиолдолд ч бий.

    -Шүүхийн ерөнхий зөвлөлд өмнө нь шүүх хурал олон удаа хойшилж байна гэх гомдол ирж байсан уу?

    -Энэ төрлийн гомдол ирдэг. Үүний дагуу шүүх хуралдаан хойшилж байгаа шалтгаан нөхцөлийг судлаад холбогдох хариуг гомдол гаргагчид хуулийн дагуу өгдөг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний хэлтсээс хэргийн хөдөлгөөнийг байнга судалж, дүн шинжилгээ хийж байдаг.

    -Хэргийн оролцогчид хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсныг шүүх хүлээж авахгүй бол өөрөө хариуцлага хүлээх, буруудах тохиолдол байх уу?

    -Шүүхээс хэргийн оролцогчдын эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлаагүй зэрэг процесс ажиллагаа зөрчсөн тохиолдолд тухайн хэрэг дээд шатны шүүхэд хүчингүй болох, процесс зөрчсөн, баримтлах мэдэх ёстой зүйлийг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр шүүгч хариуцлага хүлээх үндэслэл болно.

    -Хуралдаандаа ирэхгүй байгаа оролцогчдыг шүүх албадан ирүүлж болдоггүй юм уу?

    -Шүүгч хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, бусад оролцогчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлдэг. Хэргийн оролцогч шүүхийн мэдэгдэх хуудасны дагуу шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй.

Шүүх хуралд ирэхгүй байгаа хэргийн оролцогч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд арга хэмжээ авч болно. Тухайлбал, нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. /ЗХШХШтХ-ийн 91.1/

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаах хуулийн зохицуулалттай. /ЗХШХШтХ-ийн 91.3/

Шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч, бусад оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай гэж үзвэл шүүгч албадан ирүүлж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Одоо хэргийн оролцогчид хэрсүү, хууль сайн мэддэг болсон шүү дээ. Тэд хэл сураггүй алга болох, шүүх албадах нөхцөл байдал руу асуудлыг оруулах нь ховор.

    -Хуульд шүүх хуралдаан хойшлуулах үндэслэлийг тодорхой заагаад өгчихөж. Хуулийн энэ хийдлийг хэргийн оролцогчид ашиглаад байна гэж ойлгож болох уу?

    -Хуульд хийдэл, зарим өөрчлөх шаардлагатай зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо ил тод болсон асуудал байхгүй байна.

-Монголын шүүх хэргийг удаан шийддэг, олон удаа хойшлуулдаг учраас хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид арбитрын шүүхэд хандах сонирхолтой байдаг гэж ярьдаг. Шүүхэд итгэх итгэл үүнээс болж алдагдаад байгаа юм биш үү?

    -Миний уншиж, сонссоноор харин ч манай улсын хэрэг шийдэх хугацааны процесс бусад улстай харьцуулахад маш богино байдаг. Олон улсад хугацаа сараар биш жилээр яригддаг.


Э.Хүрэлбаатар

Эх сурвалж: Өдрийн сонин №178 (6021)



Бусад