Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулна

Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулна


2-11-2018, 07:14. Зохиогч: admin

"Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг”-ийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр (2018.11.02) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хуралдлаа.

Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулна 

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор "Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг”-ийн төсөл боловсруулах ажлын хэсэг, төлөвлөгөөг баталсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүхийн хөгжлийн бодлого боловсруулахаар хамтран ажиллаж байгаа ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлээд "Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсанаас хойш дунд хугацаанд хэрэгжих баримт бичгүүд баталж, хэрэгжүүлж ирсэн. Мөн УИХ-ын 2000 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн тайлан, үнэлгээг гаргасан. Эдгээр бодлогын баримт, бичгүүд дээр тулгуурлан та бүхэнтэй хамтран алсыг харсан дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулна” хэмээн тодотгосон юм.


Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ж.Сайнхишиг "Монгол Улсын Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилт, "Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг”-ийн төсөл боловсруулах ажлын төлөвлөгөө, төслийг гишүүдэд танилцууллаа.

Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулна 

Үүний дараа ажлын хэсгийн гишүүд саналаа хэлсэн юм. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, ажлын хэсгийн ахлагч Н.Лүндэндорж шүүгчийн цогц чадамж, хариуцлага, шүүхийн тогтолцоо, дэд бүтэц, мэргэшсэн захиргаа зэрэг асуудалд анхаарч бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах саналтай байгаагаа илэрхийлээ. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан өмнөх ололтоо тодотгож, түүн дээр тулгуурлан дараагийн бодлогын баримт бичиг боловсруулснаа төсөлд тусгах, зорилт бүрийг тодорхой болгох хэрэгтэйг онцоллоо. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Хуулийн хэлтсийн ахлах референт Г.Сувдаа нар бодлогын баримт бичгийн төслийг Үндсэн хуультай нийцүүлэх шаардлагатайг дурдлаа. Мөн хүн рүү чиглэсэн хариуцлага, ёс зүйд анхаарсан бодлогыг боловсруулах саналыг Ерөнхийлөгчийн тамгын газрын Хуулийн хэлтсийн ахлах референт Г.Сувдаа хэллээ. Цахим шүүх буюу "E-Court” системийг шүүхийн хөгжлийн дараагийн том загвар байдлаар бодлогын баримт бичигт тусгах ёстойг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь онцолсон.

 

Ажлын хэсэг "Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг”-ийн төслийг боловсруулж, 2019 оны 1 дүгээр сард багтаан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулна

Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулна 

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан Ажлын хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ахалж, гишүүнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Хуулийн хэлтсийн ахлах референт Г.Сувдаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ш.Цолмон, Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Х.Оюунцэцэг, Үндэсний хөгжлийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Орхон, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, Нарийн бичгийн даргаар Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар ажиллаж байгаа юм.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад