Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүгчийг мэргэшүүлэх, ирээдүйд дагнасан шүүхтэй болохыг түншлэгч байгууллагууд дэмжив

Шүүгчийг мэргэшүүлэх, ирээдүйд дагнасан шүүхтэй болохыг түншлэгч байгууллагууд дэмжив


17-12-2019, 08:38. Зохиогч: admin


Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажилладаг түншлэгч байгууллагуудын уулзалт өчигдөр (2019.12.16) боллоо.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон манай улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын байгууллагуудын төлөөлөгчид шүүгчдийг гэр бүлийн маргаанаар мэргэшүүлэх, ирээдүйд энэ төрлийн маргааныг дагнан шийдвэрлэх шүүх байгуулах боломжийн талаар санал солилцож, хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм.

Шүүгчийг мэргэшүүлэх, ирээдүйд дагнасан шүүхтэй болохыг түншлэгч байгууллагууд дэмжив

Шүүхээр сүүлийн арван жилд шийдвэрлэсэн иргэний хэргийн 14 хувийг гэр бүлийн маргаан эзэлсэн бөгөөд 2018 оны статистик судалгаагаар 5 гэр бүл тутмын 1 нь гэрлэлтээ цуцлуулжээ. Гэр бүл, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад шүүх эрх мэдлээс гадна хууль тогтоох, гүйцэтгэх, хууль сахиулах байгууллагууд болон түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг уулзалтад оролцогчид онцоллоо. Гэр бүлийн маргааныг дагнан шийдвэрлэх шүүгчдийг мэргэшүүлэх, дагнасан шүүх байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэхэд техникийн тусламж үзүүлэх, хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх чиглэлээр түншлэгч байгууллагуудтай хамтран ажиллах саналтай байгаагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Гэр бүлийн тогтворгүй байдал нь хүүхдийн эрх ашгийг хөндөж, тэднийг гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох болон улс орны эдийн засгийн өсөлтийг сааруулах хүчин зүйл болж байгаа учраас бодлогын түвшинд анхаарах зайлшгүй шаардлагатайг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг илтгэлдээ дурдлаа. Эвлэрүүлэн зуучлалын шатанд гэр бүл цуцлах маргааны 13.9 хувь, шүүхийн шатанд 5.7 хувийг эвлэрүүлж байгаа нь хангалтгүй үр дүн. Гэр бүлийн маргаан талуудын сэтгэл хөдлөлийн зөрчилтэй холбогддог. Гэтэл эрх зүйн орчин, маргаан шийдвэрлэх үйл явц энэ онцлогийг бүрэн тусгаж чадахгүй, мэргэшсэн шинжээчийн хүний нөөц бүрдээгүй, шүүхийн ачаалал их зэрэг тулгамдаж буй асуудал байгааг тэрбээр илтгэлдээ онцлов.

Шүүгчийг мэргэшүүлэх, ирээдүйд дагнасан шүүхтэй болохыг түншлэгч байгууллагууд дэмжив

Судалгаагаар ч дээрх асуудлууд гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байгаа дүн гарсан бөгөөд дагнасан шүүх байгуулах боломжийг судлах, эрх зүйн орчноо өөрчлөх шаардлагатай бөгөөд сэтгэл зүйч, шинжээч, эмч зэрэг хөндлөнгийн мэргэжилтнүүдийн оролцоог хангах зөвлөмж гаргасан талаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах мэдээлсэн юм. Үүнийг дагаад хүүхдийн тэтгэмж тооцох аргачлалаа өөрчлөх, сэтгэл санааны гэм хохирлыг барагдуулах боломжийг бүрдүүлэх талаар судалгааны зөвлөмж гарчээ.

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын суурин төлөөлөгч Тара Нийл гэр бүлийн маргааныг дагнан шийдвэрлэх шүүх зайлшгүй шаардлагатай бөгөөд эхний ээлжинд шүүгчдийг мэргэшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн байгууллагууд хамтран ажиллахын ач холбогдлыг онцлов.

Шүүгчийг мэргэшүүлэх, ирээдүйд дагнасан шүүхтэй болохыг түншлэгч байгууллагууд дэмжив

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра "Эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс ангид байхын тулд шүүх, хуулийн байгууллагуудыг чадавхжуулах, энэ төрлийн маргааныг дагнаж шийдэх боломж бүрдүүлэх шаардлагатай” гээд шүүгчдийг мэргэшүүлэх, туршлага судлуулах зэрэгт хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ. Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчид ч ийм санал гаргаж, хэрхэн хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулахын тулд дахин уулзах талаар тохиролцов.

Уг уулзалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-тай хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, ХБНГУ-ын Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Ханнс-Зайделийнсан, Азийн сан, Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллага, БНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн Монгол дахь хөтөлбөр зохицуулалтын газар нар оролцов.


Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Бусад